БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 1-ний өдрүүдэд айлчлал хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх хоёр дахь удаагийн айлчлал нь түүхэн ач холбогдолтой. Тодруулбал, Хятад Франц улсууд хамтран атомын цахилгаан станц барих нь тодорхой болсон энэ үед түүхий эдийг нийлүүлэгч нь Монгол улс болох юм. Мөн нүүрсний экспортын гол зах зээл Хятад руу чиглэдэг учраас талууд экспорт импортоо төрөлжүүлэх асуудал айчлалын үеэр хөндөгдөнө. Үүнээс гадна Монгол Улсын Бурхны шашны сүм хийдийн зүгээс, XIV Далай ламтай хамтран Х Богдыг тодруулсан явдлаас хойш дээрх айлчлал болж байгаа нь Монгол Улсын гадаад бодлогод хэрхэн нөлөөлөх чухал асуудлыг ч дагуулна. Х Богдыг тодруулсан явдал нь төрийн бодлого уу эсвэл сүм хийдийн зүгээс тодруулсан хэрэг үү гэдгийг Хятадын талаас ажиглаж байгаа нь нууц биш. Түүнчлэн далайд гарцгүй улсаа гарцтай болгох Боомтын сэргэлтийн бодлого ч дээрх айчлалаас бүрэн хамаарна. Энэ мэт чухал улс орны гадаад харилцааны бодлогын түвшинд яригдах түүхэн айлчлалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг явсангүй.
Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх, Монгол Улсын иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хилийн чанадад хамгаалах зэргээр илэрхийлэгдэнэ.
Өөрөөр хэлбэл, нөлөө бүхий гүрнүүдийн дунд хавчигдсан Монгол Улс өөрсдийн эрх ашгаа хамгаалж, улс орны гадаад бодлогоо хүлээн зөвшөөрүүлж, их гүрнүүдтэй хөл нийлүүлэн алхах томоохон сорилтын өмнө ирээд байна. Ийм үед эдийн засгийн мега зах зээл, экспортын гол түншлэгч БНХАУ-д хийж буй айчлал нь Гадаад харилцааны сайдын чиг үүргийн тэргүүлэх чиглэл гэлтэй. Гэтэл Ерөнхий сайдын айчлалын багийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд байгаагүй нь шүүмжлэл дагуулж байна.
Х Богдыг тодруулснаас хойшхи эгзэгтэй, эрсдэлтэй нөхцөл байдлын үед Гадаад харилцааны сайд өөрийн амбиц, улс төрийн карьерээ илүүд үзсэн үү гэх асуулт ч урган гарна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалтай давхцаж зургадугаар сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Дэлхийн экспортыг дэмжих чуулган, зургадугаар сарын 28-29-ний өдрүүдөд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн нь мөн анхаарал татна.
Өөрөөр хэлбэл, БНХАУ-д хийх айлчлалаас илүү дээрх чуулга уулзалтад оролцохоор Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үлдсэн байна. Тэрбээр төрийн өндөр албан тушаалтны хувьд БНХАУ-д хийж байгаа айчлалд өндөр ач холбогдол өгөх үүрэгтэй. Гэтэл Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд байсангүй.
Даяаршил нэрэн дор улс орнуудын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцан хамаарал өсч байгаа ийм үед олон улс, бүс нутгийн улс төр, худалдаа, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, интеграцид идэвхтэй оролцоход Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанар, нэгдсэн зохицуулалт чухал үүрэгтэй. Гэтэл бодлогын түвшний түүхэн айлчлалд оролцдоггүй Гадаад харилцааны сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүрэлдэхүүнд байна.