Сарны ард газардсан Хятадын “Чанъэ-4” аппаратын бүхээгт соёолсон хөвөнгийн үр үхсэн тухай “Xinhua” агентлаг мэдээлэв. Шим тэжээл бүхий битүү саванд явуулсан, “Lunar micro ecosystem” биологийн туршилт удаан хугацаагаар үргэлжилнэ хэмээн эрдэмтэд ч найдаж байгаагүй аж.
Сарны шөнө соёолжийг үхэхэд хүргэсэн гэнэ. Манай гаргийн дагуул дээр шөнө болоход гадаргуугийнх нь температур -170 градус болтлоо доошилдог. Хөвөнгийн үрээс гадна Саран дээр рапс, төмс, тосны ургамлуудын суулгацыг туршсан нь амжилтгүй болжээ. Хятадын “Чанъэ-4” аппарат нэгдүгээр сарын 3-нд Сарны арын Эйткен-Өмнөд туйлын бүсэд анх удаа амжилттай газардсан юм.