Цар тахал далайд гарцгүй манай улсад агаарын карго тээвэр амин чухал болохыг ойлгуулсан. Тухайн үед карго тээврийн үнэ тэнгэрт хадаж байлаа. Тэгвэл үндэсний агаарын тээвэрлэгчдэдээ карго тээвэр хөгжүүлэх боломжийг нээж өгснөөр карго тээврийн үнэ 1 кг ачаа 1 ам.доллар хүртэл буураад байна.
Агаарын ачаа тээвэрлэгчид ийнхүү үнээ хямдруулсаар байхад карго үйлчилгээний компаниуд иргэд ААН-дээ бодит үнээр үйлчлэх ёстой. Тэгэж чадахгүй бол карго зуучлал нэрээр хэт ашиг харж мөнгө хүүлдэг явдалтай хатуу тэмцэнэ. МИАТ ТӨХК экспортыг дэмжих, импортын зардлыг бууруулах үүднээс В757-200F Карго агаарын хөлгөөр Австрали, Япон, БНСУ, ОХУ, Хятад, Саудийн Араб, Европын чиглэлд нисч эхлээд байна.
Мөн ИЗИНИС AIRBUS A330-200 маягийн хөлгөөр агаарын замаар Ази Европын чиглэлд карго тээврээ эхлүүлэхээр боллоо. ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-д туссан агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар АЧАА ТЭЭВРИЙН ЗАНГИЛАА ТӨВ-ийг бий болгоно.