БНСУ-ын 20 дахь Төрийн тэргүүнээр сонгогдсон, сөрөг хүчний төлөөлөгч, тус улсын ерөнхий прокурор асан Юн Сок Ёль тангараг өргөж, Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орлоо. Тэрбээр тус улсын нийслэл Сөүл хотын Ёнсан дүүрэг дэх Төрийн тэргүүний Тамгын газрын шинэ байрны газар доорх бункерт мягмар гарагт шилжих шөнө 00.00 цагт Штабын дарга нарын хорооноос мэдээлэл авснаар таван жилийн бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлсэн байна. Энэ үеэр Сөүл хотын төвд шөнө дундын үеэр хонх цохих ёслол үйлджээ. Тэрбээр улс орноо либерал ардчилсан, зах зээлийн эдийн засгийг үндэслэн сэргээн босгоно хэмээн амлаж, хэрэв цөмийн зэвсгээс ангижрах арга хэмжээ авбал Умард Солонгосын эдийн засгийг “зоригтой төлөвлөгөө”-гөөр сайжруулахыг санал болгов.
БНСУ-ын Үндэсний ассамблей буюу парламентын өмнөх талбайд болсон тангараг өргөх ёслолд АНУ-ын Дэд Ерөнхийлөгчийн нөхөр Дуглас Эмхофф, БНХАУ-ын дэд дарга Ван Цишань зэрэг 41 мянга зочин уригдан оролцжээ.
Юн Сок Ёль олон нийтэд ойр байх хүсэл зоригоо харуулахын тулд шаргуу тэмцсээр Ерөнхийлөгчийн шинэ байранд ажиллах болсон билээ. Уулын бэлд орших, өмнөх Төрийн тэргүүн нарын ордон байсан сүрлэг Чон Ва Дэ цогцолборыг тэрбээр эзэн хааны эрх мэдлийн бэлэг тэмдэг гэж үздэг аж.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд болоход “Иргэний хүч” намаас нэр дэвшсэн Юн Сок Ёль 48.56 хувийн санал авч ялсан юм. Түүний гол өрсөлдөгч, эрх баригч, Ардчилсан “Тобуро” намаас нэр дэвшсэн И Жэ Мён 47.83 хувийн дэмжлэг авчээ.
Бэлтгэсэн: З.АМГАЛАН