Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт өчигдөр газар 5.2 магнитудын хүчтэй хөдөллөө. Өчигдөр үүрийн 04.37 цагт бүртгэгдсэн газар хөдлөлтийн голомт нь Баянцагаан сумын төвөөс хойд зүгт 38, Баацагааны төвөөс баруун урд зүгт 49, Баян-Өндөрийнхөөс хойд зүгт 64 км зайд байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. Чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй гэнэ.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр үзүүлэлтээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг нь баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд газар гурваас бага магнитудын хүчтэй хөдлөхөд хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол долоогоос дээш магнитудад хүрэхэд том талбайг хамарсан сүйрэл болдог аж.
У.ЦЭЦЭГ