НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх, эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийнхөн уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн индекст суурилсан санхүүжилтийн болон төлөвлөлтийн арга зүйг боловсруулснаа өнгөрсөн баасан гарагт танилцууллаа.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хамгийн их эрсдэлтэй тулгарч байгаа салбар нь мал аж ахуй, газар тариалан юм. Эл төслийн хүрээнд мал аж ахуйн салбарт үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг зудын эрсдэлийн зургаар, газар тариалан, хөдөө аж ахуйн салбарынхыг хуурайшлын индексээр тооцож, 2030, 2050 он хүртэлх төлөвийг Монгол орны 330 сум бүрээр гаргажээ.
Судалгааны үр дүнгээс харахад, 2050 он гэхэд манай оронд зудын их эрсдэлтэй газар нутгийн хэмжээ 10, нэн их эрсдэлтэй нь 17 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Хуурай ба нэн хуурай бүс нутгийн хэмжээ 10 хувиар тэлж, нийт нутгаар эрчимжих гэнэ. Иймд цаашид аймаг, сумдын дунд хугацааны хөгжлийн болон газар зохион байгуулалт, гамшгийн төлөвлөгөө боловсруулахдаа зудын эрсдэл, хуурайшлын индексийг зайлшгүй ашиглаж, үр дүнг нь харгалзаж байх шаардлагатайг мэргэжилтнүүд энэ үеэр хэлсэн юм.
Н.МИШЭЭЛ