Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхзоригийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэг /шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах/-т заасан сахилгын шийтгэл хүлээсэн шүүгчийг хамруулах сургалтын шинэ хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Гурван сарын хугацаанд үргэлжлэх сургалтын хөтөлбөр боловсруулж, уг сургалтыг зохион байгуулахын тулд Шүүхийн сахилгын хорооны хуралдааны шийдвэрт дүн шинжилгээ хийх шаардлага зүй ёсоор үүсэж байна. Иймд Шүүхийн сахилгын хорооны гомдол хянан шийдвэрлэсэн байдал (сахилгын хэрэг үүсгэсэн, сахилгын шийтгэл ногдуулсан, гомдлыг хянан шийдвэрлэсэн байдал)-д дүн шинжилгээ хийх судалгааг хоёр байгууллага хамтран хийхээр тохиролцлоо. Уулзалтад шүүхийн сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Шүүхийн сахилгын хорооны мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга Б.Айбек, хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан референт Ш.Одгэрэл нар оролцлоо.