Чөлөөт бөхийн “Улаанбаатар-2022” Азийн АШТ-ий гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанаар үргэлжиллээ. Тойргийн болон хагас шигшээ, шигшээ барилдаанд манайхаас таван бөх медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарсан. Тэднээс “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ Ц.Намуунцэцэг Монголын тамирчдын медалийн салхийг хагалж, аваргын төлөө барилдав. Тэрбээр 50 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий аварга, Японы Ремина Йошимототой хүч сорьсон ч 2:10-аар ялагдаж, мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл 55 кг-д Г.Отгонжаргал Энэтхэгийн Сушма Шокеенийг 12:5, 59 кг-д Б.Шоовдор Узбекистаны Дилфуза Аимбетоваг 10:0- ээр буулган авч, шагналын тавцанд зогслоо.
Б.Шоовдор тивийн аваргаас гурав дахь мөнгөн медалиа эх орондоо гардав. Түүний жинд Японы Сара Натами түрүүлж, аварга болсон. 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн Э.Дэлгэрмаа Японы Наруха Мацюүкитай хүч сорьж, 4:0-ээр ялан хүрэл медаль зүүлээ. Тэрбээр энэ удаагийн тэмцээнээс хоёр дахь хүрэл медалиа авав. Эл жинд Казахстаны Мадина Бахбергенова тэргүүлсэн. Эмэгтэйчүүдийн хүнд жин болох 76 кг-д барилдсан Г.Ариунжаргал Казахстаны Гулмарал Еркебаевад 4:7-гоор хожигдож, шагналт V байрт шалгарав. Тус жинд Киргизстаны Айпери Медет Кызы тэргүүлж, Азийн аваргаар анх удаа тодорсон юм.