Монголын уулчдын үндэсний холбоо байгуулагдаад 65 жилтэй золгож байна. Нийслэлд уулчдад зориулсан “Уулчдын алдар-50 жил” нэртэй хөшөө бий. Ахмад уулчин Р.Зориг амьд сэрүүн байхдаа ийм хөшөө барих санаачилга гаргажээ. Ингээд холбооны 50 жилийн ойг тохиолдуулан 2005 онд Баянзүрх дүүргийн нутаг, Сансарын туннелийн дунд хэсэгт байрлуулсан аж. 17 жилийн настай уг хөшөөг сэргээн тохижуулах саналыг Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр дэвшүүлсэн байна. Түүний саналыг уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийнхэн, мөн аяллын клуб, сонирхсон байгууллага, хүмүүс дэмжихээ илэрхийлж, хөшөөг сэргээн засахаар болжээ.