Монголын рагбигийн холбоо, МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд дасгалжуулагчийн анги нээхээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Хамтын ажиллагааны хүрээнд тус сургуульд ирэх хичээлийн жилээс рагбигийн дасгалжуулагчийн анги нээж, 21 аймгаас элсэлт авах нь. Энэ нь олимпын төрлийн спортыг Монголд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх зорилготой аж. Эл мэргэжлээр элсэн суралцах оюутнууд олон оронд эрчимтэй хөгжиж буй рагбигийн спортын багш, дасгалжуулагчийн бакалаврын зэрэг эзэмшихээс гадна Дэлхийн рагбигийн холбооны I, II түвшний сертификаттай төгсөх гэнэ.