Монголын дугуйн холбооноос Ховд аймагт ирэх наймдугаар сарын 6-14-нд Монголын 23 дахь удаагийн олон өдрийн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ. Дээрх уралдааныг өмнө нь зөвхөн төвийн бүсэд зохион байгуулж ирсэн. Тэгвэл энэ жил баруун бүсэд хийхээр болсон нь энэ. Тус холбооны нарийн бичгийн дарга З.Наран дугуйн спортын ОУХМ Ш.Жамбал, “Монгол Алтай” дугуйн холбооны төлөөлөл, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нарыг хүлээн авч уулзан, санал солилцсон байна. Автомашины хэрэглээг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийг эрүүл амьдралын хэвшилд уриалах, дугуйн спортыг хөгжүүлэх зорилгоор тус аймаг “Дугуйтай Ховд” дэд хөтөлбөрийг батлан, хэрэгжүүлж эхэлжээ.
Дугуйн спорттой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Төв аймгийн Биеийн тамир, спортын газрынхан ирэх амралтын өдрүүдэд засмал замын дугуйн аварга шалгаруулах тэмцээнийг Зуунмод сум, Солоомын давааны замд зохион байгуулахаар болжээ. Тус уралдаан нь ахмад тамирчин, спортын мастер А.Цэвэгжав агсны нэрэмжит юм байна.