Монголын оюутны спортын V наадмын волейболын тэмцээн МУИС, ШУТИС-ийн спортын танхимд болж, өчигдөр өндөрлөв. Дөрвөн өдөр үргэлжилсэн тэмцээнд эрэгтэйчүүдийн 14, эмэгтэйчүүдийн 12 багийнхан чансааны оноогоор оролцож, аваргаа тодрууллаа. Тэмцээнд ОУХМ Э.Эрдэнэбилэг, спортын мастер Н.Галбадрах, Ц.Ууганжаргал дасгалжуулагчтай МУИС-ийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан тэргүүн байрт шалгарсан. М.Дармаа, М.Гэндэндарам ахлагчтай ШУТИС-ийн эрэгтэйчүүдийн багийн тамирчид мөнгө, “Их засаг” их сургуулийнхан хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдээс Х.Цэрэнвандан дасгалжуулагчтай, Д.Шинэсаран ахлагчтай АШУҮИС-ийн баг хоёрт шалгарсан бол “Их засаг” их сургуулийнхан мөн гуравдугаар байр эзэллээ.