“Арвис” клубийн довтлогч Ө.Ундрахыг хөлбөмбөгийн хорхойтнууд андахгүй. Тэмцээний шийдвэрлэх тоглолтод багтаа хожил авчрахад голлох үүрэг гүйцэтгэдэг түүний ур чадварыг үнэлж, “Гоолын машин” хэмээн бахархаж ярьдаг. Тус багийнхан 2019 онд болсон эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн лигийн тэмцээнд 43 гоол оруулж, Монголын хөлбөмбөгийн спортын түүхэнд байгаагүй амжилт гарган, гурав дахь удаагаа аваргын цом өргөсөн. Багаа амжилтаас атгахад чухал үүрэг гүйцэтгэсэн тоглогч нь Ө.Ундрах. Тэмцээний чухал тоглолтод эсрэг багийн хаалганд 19 гоол оруулж, авьяасаа харуулсан мэргэн бууч нь тэр байлаа. Эмэгтэйчүүдийн лигийн мэргэн бууч Монголын хөлбөмбөгийн холбооны оны шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөг” шагналд хамгийн олон удаа нэр дэвшсэн юм. Улмаар өнгөрсөн жил тус ёслолын ажиллагааны гол дүрүүдийн нэг болж, “Шилдэг эмэгтэй тоглогч” шагнал хүртэж, “Алтан бөмбөг” гардсан билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Лигийн тоглолтын улирал эхэллээ. Эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан ямар дасгалжуулагчийн удирдлагад оролцохоор бэлтгэл хийж байна вэ?
-Миний хувьд ямар багт тоглохоо одоогоор хараахан шийдээгүй байна. Өөр багаас санал ирэхэд нь очиж уулзаад, өөрийн санал, бодлоо хэлсэн. Миний саналыг зөвшөөрвөл лигийн тоглолтод оролцох байх.
-Хөлбөмбөгт татагдсан дурсамжаар тань аялмаар санагдлаа. Тамирчид хэн нэгнээс үлгэр дуурайл авч спортоор хичээллэсэн байдаг юм билээ.
-Би эхэндээ хөлбөмбөг сонирхдоггүй байлаа. Нэг өдөр сургуулийн хөлбөмбөгийн секцэнд анги бүрээс сайн тоглодог хүүхдүүдийг сонгож авахад дуудагдсан юм. Бэлтгэл хийсэн анхны өдөр багш нарынх нь заах арга барил сонирхолтой санагдаж, зан чанар нь ч их таалагдлаа. Тэд бидэнд бөмбөг хэрхэн өшиглөж, хуурах, яаж нэг баг болох, хэрхэн тоглох талаар заасан юм. Багш нараасаа нэг баг болж талбайд тоглох ямар сайхан болохыг мэдэж, энэ спортод дурласан. Танд миний хариулт сонин санагдаж магадгүй, би дэлхийн шилдгүүдийн хэнийг нь ч шүтэж, тоглолтыг нь үзэж байгаагүй.
-Охидыг спортоор хичээллэхэд ойр дотнынх нь хүмүүсийн хандлага их нөлөөлдөг. Бөмбөг өшиглөөд гүйхэд гэрийнхэн тань хэр дуртай хүлээж авсан бол?
-Найз нөхөд минь дэмжиж, дуртай хүлээж авсан ч гэр бүлийнхэнд минь таатай санагдаагүй. Тухайн үед чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан би гэрийнхэндээ хэлэлгүй нууцаар бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог байв. Нэг өдөр шагналаа бариад иртэл манайхан гайхан, итгэхгүй байж билээ. Түүнээс хойш аваргын цом, медаль авчрах тусам ойлгож дэмжих болсон. Тэд минь одоо миний арын албыг бүрэн хариуцдаг үнэнч шүтэн бишрэгч.
-“Арвис”-т нэгдэхээр анх ирэхэд багийнхан тань ямар уур амьсгалтай угтав?
-Маш гоё хүлээн авсан. Тэр үеэс багийнхантайгаа нэгдэн, нэг хүн шиг зорилго тэмүүлэлтэй болж, хожлын төлөө зүтгэсэн. Бид өнгөрсөн хугацаанд зорьсноо биелүүлж, аваргын алтан цом цөөнгүй гардсан байна.
-Хүсэл, мөрөөдөл хүчтэй, бас хязгааргүй. Танд бодсоноо хэрэгжүүлж, амжилт болгосон удаа байдаг уу?
-Тэмцээнд оролцох бүртээ алтан медаль заавал хүртэж, шилдэг нь болно гэж боддог. Би үс засах сонирхолтой. Хүсэл, мөрөөдлөө биелүүлж нэгдүгээр зэрэгтэй үсчин боллоо. Миний хувьд бүх талаар тусалж, дэмждэг гэрийнхнээсээ аль болох мөнгө авахгүйг хичээж, өөрийн хүчээр хөлөө олж амьдрахаар зорьсон. Эхлээд машинтай болохоор зүтгэсэн. Тэр үед бодож байсан зүйлээ хэдийн хэрэгжүүлжээ. Зорьсон бол яаж ийгээд хүрдэг зан надад бий шүү.
-Шинэ тоглогчид талбайд олон цаг бэлтгэл хийхэд эхэндээ хэцүү санагдсан биз?
-Хүн сонирхсон, дуртай зүйлээ хийхдээ хэзээ ч шантардаггүй. Би ч бас халшрахыг хүсээгүй, хойшид ч эргэж буцахгүй.
-“Арвис”-ынхан эмэгтэйчүүдийн лигийн АШТ-д гурван удаа түрүүлснийг санаж байна. Аваргаа хамгаалахын төлөө танайхныг нэг хүн шиг зорилготой тоглож, амжилтаас атгадаг гэж боддог.
-Аварга хамгаалах амаргүй л дээ. Бөмбөг бөөрөнхий, бид ямар ч багт хожигдож болно. Харин тэр бөмбөгийг хэрхэн хөдөлгөж, багийхантайгаа яаж ойлголцохоос их зүйл шалтгаална. Хамгийн гол нь бухимдахгүй, эмээхгүй, бүгд хичээж, нэгнийхээ дутууг нөхөж чадвал аваргаа хамгаалахад асуудалгүй.
Тиймээс бид нэг зорилго, нэг хүчээр урагшилж, өдий хүрсэн гэж боддог.
-Тамирчин бүр дээд лигт тоглодоггүй. Тэр үед энгийн тэмцээнээс өөр болохыг эхний өдрөөс мэдэрсэн байх. Талбайд сэтгэл догдлуулж байсан хамгийн сайхан агшнаа хуваалцаач.
-Хүчирхэг багийг буулган авч, шүгэл дуугарахыг сонсох мөч хамгийн гоё. Тийм сэтгэл догдлуулж, огшоосон агшныг юутай ч зүйрлэмээргүй санагддаг.
-Футзалын эмэгтэйчүүдийн цомын тэмцээний медалийн төлөөх тоглолт өнгөрсөн сард болоход танайхан UBC багийг 3:2-оор хожсон. Тэднийг ялахын тулд ахлагчтайгаа ямар тактик боловсруулав?
-Бид адилхан гар, хөлтэй, тэднийг зүгээр л бут ниргэе гэж орилоод гарч байсан даа.
-Эмэгтэйчүүдийн лигийн аваргын төлөө бас UBC багийнхантай эн тэнцүү өрсөлдөхөд та тоглолтыг сонирхолтой болгож, гоол оруулсныг санаж байна. Оруулсан бөмбөг тань хожлыг шийдсэн удаа хэр олон байдаг вэ?
-Тоглолтын үед довтлогч өөрт байгаа бүх зүйлээ гаргах хэрэгтэй байдаг. Гоол оруулах амархан биш. Миний хувьд хожлыг шийдэх гоолыг айлын хаалганд олон удаа оруулсан. Тэр гоё гоолуудыг хийхэд холбож, дамжуулдаг нь манай багийнхан. Миний оруулсан гоол болгоны цаана нөхөд минь байдаг. Хожлын гоолыг би биш, бид хийдэг.
-Сүүлийн үед хөлбөмбөгийн хорхойтнууд эмэгтэйчүүдийн багаас “Арвис”, UBC, “Туулын том тулнууд”-ын тоглолтыг сонирхож үзэх болжээ. Тэмцээнд довтлогч ямар зарчим баримталж тоглох ёстой гэж та үздэг вэ?
-Шаргуу, хурдтай, нөхдийнхөө итгэлийг алдахгүй байх үүрэгтэй. Би багийнхныхаа өгсөн бөмбөгийг гоол болгохыг хичээдэг. Тактик хэрэгжүүлж, тасалсан бөмбөг бүрийг гоолоор дуусгах зорилготой тоглодог шүү.
-Миний мэдэхээр та лигийн тоглолтод шилдэг мэргэн бууч, томоохон тэмцээнд “Шилдэг довтлогч”-оор цөөнгүй тодорсон. Тийм үед ямар мэдрэмж хамгийн түрүүнд төрдөг бол?
-Шилдгээр шалгарч, аваргын цом нэг бус удаа өргөхдөө сэтгэл догдлон, баярлаж, хөлбөмбөгт улам татагддаг байлаа. Одоо дөжрөөд, нэг их сонин биш болжээ (инээв).
-Оны шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа хөлбөмбөг сонирхогчдыг хамгийн их догдлуулдаг торгон мөч байдаг. Өөрийгөө өнгөрсөн жил “Алтан бөмбөг” гардана гэж төсөөлж байв уу?
-Өмнө нь нэр дэвшсэн тоглогчдод дандаа нэг оноогоор ялагдсан. Энэ нь олон удаа давтагдахаар сэтгэл гонсойж, сүүлдээ бүр “Угаасаа авахгүй л дээ. Бас л мултарна биз” гэж боддог болчихсон байлаа. Миний нэрийг тайзан дээрээс дуудахад итгээгүй, тэр үед надад бүх зүйл зүүд шиг санагдсан. Шилдэг тоглогчоор шалгарч, тайзан дээр “Алтан бөмбөг” гардахад хоолой зангираад юу ч хэлж чадаагүй.
-Монголд 2018 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудыг анх удаа зохион байгуулахад оролцож байв уу?
-Би тэр тэмцээнд оролцоогүй. Тайланд улсад аяллаар явж таарсан. Хэдий тоглоогүй ч сэтгэл догдолж үзсэн. Манайхан Умард Марианы багийг илүүрхэж, анхны тэмцээнээ хожлоор эхлүүлсэн. Улмаар Гуамын багийг 1:0-ээр буулган авч, Макаогийнхтай 0:0-ээр тэнцэн хэсгээ тэргүүлсэн бахдам түүхтэй. Хожлыг өөрийн талд эргүүлэхийн тулд манайхан овсгоо, самбаатай байж, толгойгоо ажиллуулах ур чадвар их гаргасан даа.
-Хөлбөмбөгийн спортод сэтгэл татагддаггүй хүн ховор. Энэ спортод хөл тавьсан тамирчдад, мөн сонирхон хичээллэж байгаа залууст өөдрөг үгээр урам хайрлаач?
-Хөгжөөн дэмжигчидтэй байна гэдэг гайхалтай. Бидэнд аваргын цом өргөж зогссон баярт мөч олон бий. Энэ ташрамд, хөлбөмбөгөөр сонирхож хичээллэдэг залууст “Зорьсон бол биелүүлж, эхлүүлсэн бол заавал дуусгаарай. Чи чадна. Амжилтын оргилд хүрэх амаргүй. Гэхдээ хэзээ ч битгий шантраарай. Бодож, зорьж байгаа зүйл чинь нэг л өдөр хэрэгжиж биелдэг юм шүү” гэж хэлье.