Тажикистан улсын Душанбе хотод засмал замын дугуйн Азийн АШТ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн элит ангиллын ганцаарчилсан гараатай 24 км замын уралдаанд 12 орны тамирчид хурд сорьсноос Монголоос “Алдар” спорт хорооны, ОУХМ Ц.Солонго, өсвөр үеийнхний 17-18 насны ангилалд А.Даваажаргал хүрэл медаль хүртлээ. Өмнө нь өсвөр үеийнхнээс Х.Ууганбаяр БНСУ-д 2003 онд болсон тэмцээнээс мөнгөн медаль зүүсэн. Түүнээс хойших тэмцээнд манайхан нэг секунд, хэдэн долиор хоцорч, медалиас цөөнгүй атгаад алдсан юм. 19 жилийн дараах медалийн буухиаг А.Даваажаргал энэ удаа үргэлжлүүллээ. Тэгвэл багийн төрөлд 24 км-ийн зайд 17 орны тамирчид уралдсанаас Монголын дугуйн холбооны шигшээ багийг төлөөлөн ОУХМ С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар мөнгөн медаль хүртжээ. Манай дугуйчид 1991 онд Азийн АШТ-д багаараа мөнгөн медаль хүртсэнээс хойш тивийн тэмцээнээс шагнал аваагүй байсан юм.