Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ийг ирэх сарын 19-24-нд Улаанбаатарт зохион байгуулна. Тэмцээнд оролцох чөлөөт бөхийн тамирчдыг өнгөрсөн нэгдүгээр сард сорилго тэмцээнээр шалгаруулсан. Тэгвэл сонгомол бөхийн төрөлд зодоглох бөхчүүдээс 23 хүртэлх насныхны 55 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ М.Даваабанди, 72 кг-д хүрэл медальт Г.Ханбүргэд нар шууд оролцох нь. 60 кг-д Ц.Балжинням (“Алдар”), 63 кг-д Д.Балжинням (“Алдартан”), 67 кг-д Б.Нямдорж (“Харгант цамхаг”) нар өрсөлдөхөөр болжээ. 77 кг-д О.Сүлдхүү (“Хасу-мегастарс”), 82 кг-д Д.Батзул (“Хасу-мегастарс”), 87 кг-д Л.Батбаяр (“Женко”), 97 кг-д Ц.Мөнхбаяр (Спортын төв сургууль), 130 кг-д Д.Хүдэрбулга (Сүлд) нар өрсөлдөхөөр боллоо. Гавьяат дасгалжуулагч Б.Баяраа Монголын баг тамирчдыг удирдан бэлтгэл хийж, ахлах юм.