Сербийн Белград хотод хөнгөн атлетикийн танхимын дэлхийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн боллоо. 1995 оноос эхлэн хоёр жил тутам зохион байгуулдаг тус тэмцээнд 137 орны 680 тамирчин 26 зай, төрөлд хурд сорив. Тэдний дунд Токиогийн олимпын аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч тамирчин цөөнгүй байсан нь олны анхаарлыг татсан юм. Хөнгөн атлетикийн тэмцээнүүдээс ойрын зайн уралдаан хамгийн сонирхолтой. Энэ удаа Белградын “Stark arena” ордонд эрэгтэйчүүдийн спринт уралдаан жинхэнэ “дуэль” боллоо. Танхимын ДАШТ-ий хөтөлбөрт 100 метрийн зай байдаггүй. Харин 60 метрийн зайг оруулдаг. Энэ төрлийн алтан медалийн төлөөх гол өрсөлдөөн “Доха-2019”-ийн дэлхийн аварга АНУ-ын Кристиан Коулмэн, Токиогийн олимпын 100 метрийн зайн аварга Италийн Ламонт Жэйкобс нарын хооронд болох нь тодорхой байсан. Тэд одоогоор дэлхийн хамгийн хурдан хүмүүст тооцогдож буй юм. Америк гүйгч сэргээшийн эсрэг дүрмийн зөрчлөөс болоод Токиог зориогүй бол итали эр тэнд тодорсон. Тэд энэ удаа 60 метрт хурд сорив. Кристиан анхандаа тэргүүлж явсан ч эцэст нь Ламонт дайрч, зэрэг барианд орлоо. Хоёулаа 6.41 секундийн амжилт үзүүлэв. Ялагчийг фотофинишээр тодруулахад Ламонт Жэйкобс түрүүлжээ. Ингээд тэрбээр “азтай аварга”, “тохиолдлын аварга” гэх зэрэг олны шүүмжлэлд амаараа биш, “ажил хэргээрээ” хариу барьж, танхимын дэлхийн аварга боллоо. Гэхдээ тэрбээр ирэх зун Америкт, Кристиан Коулмэний нутагт болох хөнгөний ДАШТ-ий 100 метрийн зайд түрүүлж байж л дэлхийн хамгийн хурдан хүн гэдгээ батлах юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн 60 метрт Швейцарын гүйгч, ДАШТ-ий 200 метрийн зайн хүрэл медальт Мужинга Камбунжи 6.96 секунд хурдалж, анхны томоохон цолоо авав. Эрэгтэйчүүдийн тулгууртай харайлтад Шведийн Мондо Дюплантис хоёр жилийн өмнө 6.15 метр өндөр харайж, дэлхийн дээд амжилт эвдсэн. Токиод 6.02 метрийн буюу даруухан амжилт үзүүлсэн ч тэрбээр олимпын аварга болж чадсан билээ. Тэрбээр энэ сарын 7-нд өөрийн дээд амжилтаа 6.19 метр болгон ахиулаад байв. Тэгвэл сая 6.2 метр харайж, дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ. Ийнхүү Дюплантис гадаа талбайн (6.15 м) болон танхимын (6.20 м) тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байна. Бас нэг гайхалтай дэлхийн дээд амжилтыг Венесуэлийн алдарт гурвын харайгч, олимпын аварга, дэлхийн хошой аварга Юлимар Рохас тогтоосон. Белградад венесуэл бүсгүй 15.74 метр зайд харайж, танхимын дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ.
Украины өндрийн харайлтын тамирчин Ярослава Магучик тус тэмцээний бас нэгэн “од” байв. Түүний гол өрсөлдөгч, эмэгтэйчүүдийн өндрийн харайлтад сүүлийн 10-аад жил ноёрхож буй, Токиогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга (2015, 2017, 2019), танхимын ДАШТ-ий хошой алтан медальт, ОХУ-ын Мария Ласицкене энэ удаагийн тэмцээнд оролцох боломжгүй болсноор Магучикт таатай боломж гарсан. 2019 оны ДАШТ-д орос, украин бүсгүйчүүд гал гарсан өрсөлдөөн үзүүлж (хоёулаа 2.04 м өндөр харайсан ч оролдлогын тоогоор цөөн Ласицкене алтан медаль авсан), тэр үед 18 нас дөнгөж хүрсэн Ярослава мөнгөн медаль зүүж, хашир туршлагатай Мария гурав дахь удаагаа дэлхийн аварга болсон юм. Өнгөрсөн жил тэд Токиод дахин өрсөлдөж, Мария алт, харин Ярослава хүрэл медаль хүртсэн билээ. Шагнал гардсаныхаа дараа тэд зургаа татуулсан. Гэтэл Украинд Ярославаг орос тамирчинтай зургаа авхуулсан хэмээн буруутгаж, бүр заналхийлж, улмаар ОХУ-ын ДУМ-ын гишүүн Магучикт улс төрийн орогнол олгох боломжтой хэмээн мэдэгдэж, шуугиан дэгдэж байв. Тэгвэл энэ удаа тэрбээр гол өрсөлдөгчгүйгээр, зөвхөн өөрийн сэтгэл зүйтэйгээ өрсөлдсөн гэхэд болно. Улс орон нь дайнтай болохоор арга ч үгүй биз. 1.92 метр өндөр дээгүүр тэрбээр гурав дахь оролдлогоороо л харайсан. Дараа нь харин 2.02 метрийг эхний оролдлогоор давж, танхимын дэлхийн аварга боллоо. Хэдхэн сарын дараа Ярослава “жинхэнэ” дэлхийн аварга болох боломжтой. Учир нь тэнд ОХУ-ын Ласицкене бас л “байхгүй”. Танхимын ДАШТ-д ОХУ, Беларусийн тамирчид оролцох эрхгүй байсан. Мөн Косовогийн нэг тамирчин оролцсон ч тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй 70 гаруй орны нэг Сербид тэмцээн болсон тул аюулгүй байдлын үүднээс зохион байгуулагчид Төрийн далбааг нь мандуулсангүй.
“Белград-2022” хөнгөн атлетикийн танхимын ДАШТ-д дөрвөн алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар Этиопын багийнхан тэргүүлэв. Гурван алт, долоон мөнгө, есөн хүрэл медальтай АНУ, хоёр алттай Бельги улс хоёр, гуравт жагслаа. Тэмцээнээс 31 орны тамирчид медаль хүртэж, хөнгөн атлетикаар дэлхийд дээгүүр ордог Германы баг хоосон хоцорлоо.
Бэлтгэсэн Ц.Энхтүвшин