Мэргэжлийн эмэгтэй теннисчдийн чансааг тэргүүлэгч Э.Барти 25 насандаа зодог тайлж буйгаа зарлаж, спортын ертөнцийг гайхширууллаа. Тэрбээр спортоос өөр салбарт ажиллахаар төлөвлөж буйгаа нийгмийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан илэрхийлсэн юм. Мөн тэрбээр тамирчны замнал нь түүний сэтгэл зүйг асар их ядрааж, бие махбодын хувьд дахин шинэ оргил руу дайрах тэнхэлгүй болсон гэдгээ өгүүлсэн. “Энэ спортын надад өгсөн бүхэнд би талархахын зэрэгцээ бахархал дүүрэн, сэтгэл хангалуун зодог тайлж байна” хэмээн Э.Барти бичжээ. Тэрбээр 2020 оны гуравдугаар сарын 22-ноос хойш хоёр жилийн турш эмэгтэй теннисчдийн чансааг тэргүүлж буй. Энэ нь 2013-2016 онд С.Уильямс чансааны эхэнд бичигдэж байснаас хойших хамгийн олон жил үргэлжилсэн давамгайлал юм. Гэхдээ Эшлийг оролцсон тэмцээн бүртээ аваргална гэсэн хүлээлт байгаагүйг хэлэх хэрэгтэй. Австрали тамирчин хоёр жилийн хугацаанд хоёрхон “Их дуулга”-д буюу Уимблдон (2021), Австралийн нээлттэй тэмцээнд (2022) түрүүлсэн юм. Магадгүй эх орондоо том ялалт байгуулсан нь түүнийг нэг том зорилгодоо хүрснийг сануулсан байж мэднэ. Мөн шинэ хил хязгаар, сорилтууд өөрийнх нь бэлэн биш байгаа хэт их золиосыг шаардана гэдгийг ойлгосон болов уу. Өдгөө теннисний ертөнцийнхөн түүний талаар халуун дулаан үг хэлж, нөөц боломжоо бүрэн нээж харуулаагүй домог зодог тайллаа гэж байна. Гэхдээ Эшлийг эмэгтэйчүүдийн теннисний түүхэн дэх хамгийн уйтгартай, сэтгэл татам бус лидер гэж нэрлэхэд болохгүй гэх газаргүй. Сүүлийн 15 жилийн хугацаанд WTA-ийн чансааг 10 гаруй тамирчин тэргүүлж байсан ч олонх нь олны анхаарлаас асар хурдан “арчигдаж” байв. Харин Э.Барти энэ байдалд цэг тавьж, тогтвортой байдлыг авчирсан ч түүний байр байдал пиарчдын хувьд жинхэнэ гамшиг болсон юм. Тачаангуй биш, дуулиан шуугиан гаргадаггүй, уйтгартай тоглолттой, хувь хүнийхээ хувьд ч хэт даруу хэмээн түүнийг олон хүн шүүмжилдэг. Алдар нэрд хүрснээр түүнийг ямар нэг “сонирхолтой” зүйл үзүүлнэ гэсэн найдвар байсан ч харин оронд нь “Би уйдлаа, зодог тайллаа” гэсэн үгийг теннис сонирхогчид сонсов. Гэвч үнэндээ түүнд чухам юу тохиолдов гэдгийг бид таахаас өөр аргагүй. Гэмтэл, сэтгэл зүйн асуудал, хувийн амьдралын өөрчлөлт үү? Олонх тамирчны адил Э.Бартид ч боломжгүйг даван туулсан гайхалтай түүх бий. Тэрбээр хүнд бэртэл, олон дараалсан бүтэлгүйтэл, ялагдалтай тулгарсан ч бууж өгөөгүй. Долоон жилийн өмнө тэрбээр крикетийн спортоор хичээллэхийн тулд теннисээс түр завсарлага авч байв. Эшли Брисбен хотын аварга шалгаруулах тэмцээний хамгийн өндөр амжилттай тоглогч болж, мэргэжлийн крикетчин болох бүрэн боломжтой байлаа. Магадгүй тэрбээр зодог тайлсан болохоор эл хоббигоо үргэлжлүүлж ч магадгүй. Ташрамд дурдахад, түүний шүтээн нь Австралийн нэрт теннисчин Ивонн Гулагонг юм. Тэрбээр Эшлигийн нэгэн адил Австралийн нэг уугуул омгийн төлөөлөл билээ. Сонирхолтой нь, Э.Бартигийн хувийн амьдралын талаарх мэдээлэл тун бага. Спорт сонирхогчид түүний найз залуу нь Австралийн гольфын клубт ажилладаг Гэрри Кэссик гэдгийг л мэддэг.
Бэлтгэсэн Н.Энх