Монголын хөлбөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн футзалын лигийн тоглолт өндөрлөж, “Арвис” клубийнхэн түрүүллээ. Тэд улирлын эхэнд “Эмэгтэйчүүдийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байв. Тэгвэл энэ удаа аваргын цом гардлаа. Ялагч багийнхантай “Туулын том тулнууд” клубийнхэн ана мана өрсөлдсөн ч ялагдан, мөнгөн медаль хүртсэн бол “Монголын тэмүүлэл”-ийнхэн гуравдугаар байрт шалгарав. Футзалын лигийн тэмцээнд багаа хожилд хөтөлж, 12 тоглолтод эсрэг багийн хаалганд 31 гоол оруулсан, “Арвис”-ын Ө.Ундрах шилдэг довтлогч боллоо. Мөн багийнхаа хамгаалалт, довтолгоог тэнцвэржүүлсэн “Монголын тэмүүлэл”-ийн Г.Тэмүүлэн шилдэг тоглогчоор шалгарсан юм. Тэгвэл эсрэг багийнхнаас хаалгаа найдвартай хамгаалсан, “Туулын том тулнууд”-ын Б.Мөнхзул шилдэг хаалгачийн шагнал хүртэв. Тоглолтыг шударга дэнсэлсэн Б.Логьшир шилдэг шүүгч боллоо. Сонирхуулахад, үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүд нөхөрсөг тоглолтуудад оролцохоор хилийн дээс алхав. Тэд Лаосын багийнхантай өнөөдөр, Бангладешийнхтай 29-нд тоглох нь. Үндэсний шигшээ багийнхан Японы мэргэжилтэн Оцүка Ичирогийн удирдлагад оролцох юм.
Бэлтгэсэн Г.Бат