Улс, үндэстнүүдийн уламжлалт тоглоом, наадгайгаас үүссэн спортын төрөл цөөнгүй. Эртнээс уламжлагдсан ч өдгөө олон нийтэд төдийлөн танигдаагүй тоглоом, наадгай ч бий. Уулын уруу дугуй хэлбэртэй, шахмал бяслагтай уралддаг англичууд, саунд хэр удаан байхаар уралддаг финчүүд гэхчлэн өвөрмөц тоглоом, уралдаан, наадгайгаа дэлхий, тивийн хэмжээнд дэлгэрүүлэн, хөгжүүлбэл нэлээд адармаатай зүйл болж мэдэх юм. Юутай ч олон улс, үндэстний нэг имиж, онцлог нь болдог зугаатай, басхүү эрсдэлтэй, зарим талаар дэндүү хоржоонтой, хачирхалтай спортын төрлүүдийг хуваалцъя.
ЭХНЭРЭЭ ҮҮРЭЭД УРАГШАА
Финландаас гаралтай гэх нэгэн спортын төрөл сүүлийн үед дэлхийн хэмжээнд хурдацтай хөгжиж байна. Финландын Сонкаярви хотод 1995 оноос жил бүр уламжлал болсон эхнэрээ үүрэх тэмцээн 2017 оноос өргөжиж олон улсыг хамрах болжээ. 2017 оноос хойш жил бүрийн долдугаар сард зохион байгуулж буй уг тэмцээнд гэр бүлийн хосууд оролцдог бөгөөд нөхөр нь эхнэрээ үүрээд 253.5 метрийн зайг туулах шаардлагатай. Ингэхдээ элс, хайргатай газраар гүйж, ус, гол гатлах зэргээр олон янзын саад, бартааг давах учиртай. Эхнэр буюу “ачааны” жин 49 кг-аас доошгүй, насны хувьд 17-оос дээш байхыг дүрэмд тусгажээ
МОРЬТОНТОЙ УРАЛДААД ГҮЙНЭ
Морьтой уралдаж гүйдэг сонирхолтой тэмцээн 1980-аад оноос хойш Британид тогтмол явагдах болжээ. Чинээлэг, газрын эзэн Гордон Грин “Man vs horse” хэмээх марафон гүйлтийн суурийг тавьжээ. Уралдааны замын урт нь 22 миль буюу 42 км. Зам дардан биш, гол, горхитой, намгархаг, уулархаг газар бөгөөд оролцогч ганцаараа, эсвэл баг бүрдүүлж болно. Уг марафоны ялагчаар явган хүн тодорсон анхны тохиолдол нь 2004 онд буюу 25 дахь удаагийн уралдаан юм. Ялагч Хув Лобб хэмээх залуу 2.05.19 цагт өгөгдсөн замыг туулж, морьтой хүнийг ардаа хаяжээ. Шагнал нь 25 мянган фунт стерлинг. Энэ амжилт 2007 онд давтагдаж, оролцогч эр морьтой хүнээс 11 минутын өмнө барианд орсон байна. 2009 оны уралдаан нэлээд маргаан дагуулсан нь зохион байгуулагчид морийг үзлэгт хамруулсан цагийг тооцоогүйгээс болж гүйгч түрүүлсэн гэж үзсэн явдал гэнэ. Уг нь оролцогч 15 минутаар түрүүлсэн ч малын үзлэгт зарцуулсан хугацааг хасаж тооцоход морьтон ялагч болсон байна. 2010 оноос уралдааны цагаас ийм үзлэгийн 15 минутыг хасдаг дүрэмтэй болжээ.
ТОСТОЙ БАРИЛДААН
Ягле гурес бол Туркийн үндэсний спорт бөгөөд тостой барилдаан гэсэн утгатай аж. Савхин, богино өмдтэй өрсөлдөгчид дээр чидуны тос асгаад барилдуулна. Халтиргаатайн дээр бие нь тостой учраас барьц авахад хэцүү ч гэлээ өрсөлдөөн маш богино хугацаанд болж өндөрлөх нь түгээмэл. Учир нь өрсөлдөгчийн оролцоогүйгээр өөрөө халтирч унах нь элбэг. Гэхдээ нуруугаараа унаагүй тохиолдолд барилдаан үргэлжилнэ. Туркчууд XIV зуунаас ийнхүү өрсөлдөж ирсэн бөгөөд энэ утгаараа ягле гуресээр хамгийн эртний бөхийн тэмцээнүүдийн нэгт тооцогддог байна
“БЯСЛАГ ШИГ ӨНХӨР”
Cooper’s hill cheese-rolling and wake буюу Бяслагны уралдаан хэмээх тэмцээнийг жил бүр тавдугаар сарын сүүлийн даваа гарагт Хаврын баяртай давхцуулан Британийн Глостер хотын ойролцоох Куперийн толгодод зохион байгуулдаг англичуудын уламжлал хэдэн зууны тэртээх. Брокворт тосгоноос эхлэлтэй бөгөөд сүүлийн хэдэн арванд Британийн бусад бүс нутагт явуулдаг болж олон орноос хүмүүс зорин оролцох болсон. Уулын уруу өнхрөх бяслагтай уралдах явцдаа хөл, гар, хүзүү, нуруу, толгойдоо ноцтой гэмтэл авах нь элбэг ч хүмүүс тэсвэр тэвчээрээ сорьсоор.
ТҮҮХИЙ ӨНДӨГ ТААРВАЛ ХАСАГДАНА
1332 онд Английн ихэнх нутагт буусан үерийн улмаас олон тосгон усанд автжээ. Сүм, хийд болон тосгоны хооронд гол үүссэн бөгөөд тариачид хоёр эрэг дээрээс өндөг шидэлцсэн тухай домог англичуудын дунд бий. Тэр үеэс еgg аll-аgain буюу эргэн тойронд өндөг хэмээх тэмцээн үүссэн гэж үздэг. Өнөөг хүртэл хөгжихдөө нарийвчлалтай болон холын шидэлт, халбага дээрх өндөг, орос рулетгэсэн дөрвөн төрөлтэй болсон уг тэмцээнд оролцогчид сагсан дахь өндгийг нэгнийхээ толгой дээр цохиж хагална. Өндөгнүүдийн ихэнх нь чанасан, ердөө хоёр нь түүхий байх дүрэмтэй. Хэрэв түүхий өндөг толгой дээр нь хагарвал хасагдах болно. 2006 оноос хойш Британи, АНУ-д энэ төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиох болжээ.
Бэлтгэсэн Б.Хана