Хөлбөмбөгийн спортын түүхэн дэх хамгийн алдартай, нэр хүндтэй шагналуудын нэг “Алтан бөмбөг”-ийг олгох формат ойрын хугацаанд өөрчлөгдөнө гэж Францын “L’Equipe” сэтгүүл мэдээллээ. Бяцхан тайлбар хийхэд “Алтан бөмбөг”-ийг “France football” сэтгүүлийнхэн гардуулдаг агаад “L’Equipe”-тэй адилаар нэг медиа группэд багтдаг юм. Тиймээс эл өөрчлөлтийн талаар огт өөр эх сурвалж мэдээллээ хэмээн гайхах шалтгаан үгүй билээ. Шагналыг цаашид хэрхэн олгох, ямар өөрчлөлт оруулах талаар мэдээлэл хүргэе. Нэгдүгээрт, тус шагналыг одоогийнх шиг оны эцсээр бус, улирлын амжилтыг үнэлж олгох боллоо. Тэгэхээр дараагийн шагналыг 2021-2022 оны улирлын үр дүнг харгалзан олгох юм. Энэ оны эцсээр болох ДАШТ 2022-2023 оны улиралд багтах учир 2023 оны “Алтан бөмбөг”-т хамаарна. Хоёрдугаарт, FIFA-ийн чансаагаар зөвхөн эхний 100-д багтаж буй улсын сэтгүүлчид санал өгнө. Гуравдугаарт, шагналыг олгох гол шалгуур үзүүлэлтүүдийн эрэмбэ өөрчлөгдөв. Одооноос эхлэн хувь тоглогчийн үзүүлэлт хамгийн чухалд, дараа нь багийн амжилт тооцогдоно. Гуравдугаарт, тоглогчийн ур чадвар, талбай дээрх цэвэр тоглолт орох юм. Анхаарууштай нь, тухайн тоглогчийн карьерыг онцлон авч үзэхгүй болсон учир шалгаруулалт илүү нээлттэй, улам өрсөлдөөнтэй, улмаар ямар нэг эргэлзээ гарах нь багасна гэж “L’Equi¬pe” дурджээ. Дөрөвдүгээрт, шагнал гардуулах дараагийн ёслолын ажиллагаа ирэх аравдугаар сард явагдана. Эдгээр шинэчлэлийг зөв зүйтэй хэмээн сайшаан хүлээж авагчид олон байна. Шагналын шалгуурыг ийнхүү өөрчилснөөр тухайлбал, өнгөрсөн жилийнх шиг эргэлзээ, дуулиан хөлбөмбөг сонирхогчдын дунд үүсэхгүй юм. Үүнээс өмнө тус шагналын шалгуурууд нь тодорхойгүй, зөвлөгөө маягийн шинжтэй байлаа. Тухайлбал, нэгт, тухайн жилд үзүүлсэн хувийн болон багийн амжилт, хоёрт, тоглогчийн ур чадвар (авьяас, шударга тоглолт), гуравт, тоглогчийн карьерыг харгалздаг байв. Энэ утгаар нь авч үзвэл 2017 оноос олгож эхэлсэн “FIFA the best” шагналын шалгаруулалт, журам нь илүү тодорхой, харьцангуй логиктой байсан гэж болно. Жишээлбэл, саналыг хэрхэн тооцох, шагналын хамрах хугацаа зэргийг тодорхой зааж өгсөн байлаа.
Жилээр бус, улирлаар нь дүгнэж шагнал олгохыг эртнээс хэрэгжүүлэх ёстой байсан ч “Алтан бөмбөг” нь тун консерватив шагнал байсаар ирснийг мартаж болохгүй. Жишээ нь, 1995 оноос эхэлж Европт тоглож буй гадаадын хөлбөмбөгчдөд шагнал олгох заавар гарч байв. Чухам үүнээс шалтгаалж “Алтан бөмбөг”-ийг Д.Марадона хүртэж байгаагүй юм. Улмаар 2007 оноос л тус шагнал олон улсын статустай болсон билээ.
Түүнчлэн тоглогчийн хувь үзүүлэлтийг голлон авч үзэж, багийн амжилтыг хоёрдугаарт тавьж байгаа нь илүү үндэслэлтэй. Учир нь тухайн хугацаанд хамгийн олон шагнал авсан бус, хамгийн сайн тоглосон тоглогчийг л шилдэг нь гэж дүгнэх ёстой билээ. Ийм шалгуур анхнаасаа яагаад тавигдаж байсныг ойлгоход хялбар. Сүүлийн хэдэн арван жилийн турш телевизээр ДАШТ, Европын АШТ, эсвэл Европын цомын томоохон тэмцээнийг гаргаж, тэдгээрт түрүүлсэн нь шилдэгт тооцогддог байв. Харин 2022 онд ийм маягаар үнэлэлт дүгнэлт хийх боломжгүй болсон. Мэдээжийн хэрэг сүүлийн жилүүдэд шагналын ажиллагааг зохион байгуулагчид маш олон хүний шүүмжлэлд өртсөн. Улмаар шагналын журмыг өөрчлөх шахалтад орж байсан нь ийм эрс шийдвэр гаргахад хүргэсэн буй за. Хэн ч тоодоггүй, нэр хүндгүй шагнал олгохыг зохион байгуулагчид хүсэхгүй нь лавтай. Үүнээс үндэслэн дүгнэвэл 2022 оны “Алтан бөмбөг”-ийг Л.Месси, К.Роналду хүртэхгүй нь тодорхой юм. Улирал дуусахад гуравхан сар үлдээд буй энэ үед тэдний хэн нь ч онцгой амжилт гаргаагүй байна.