Казахстаны Щучинск хотод энэ сарын 12-нд эхэлсэн биатлоны Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн үргэлжилж байна. Энэ сарын 22-нд өндөрлөх тус тэмцээнд Монголын биатлоны шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүдийн 12.5 км-ийн зайн ганцаарчилсан гараанд М.Должинсүрэн Ази тивийн анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсныг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэрбээр Д.Энхчимэгийн хамт буухиа төрөлд хурд сорьж хүрэл медаль зүүв. Дасгалжуулагч, олимп, дэлхийн аварга А.Поповын удирдлагад бэлтгэлээ базаадаг тэднээс 2020 онд Беларусь улсын биатлоны аварга шалгаруулах тэмцээнд 10 км-ийн спринт гараанд М.Должинсүрэн 14 дүгээр байрт орж байв. Тэрбээр өнгөрсөн жил Австрийн Обертиаллих хотод болсон, Олон улсын холбооны “IBU cup” тэмцээнд өрсөлдөж, 107 тамирчнаас 59 дүгээр байрт жагссан юм.