Монголын хөлбөмбөгийн талбайн улирлын нээлт болгож, өнгөрсөн жилийн “Hisense” дээд лигийн шилдгээр шалгарсан “Атлетик 220”, “Дэрэн” клубийнхэн “Супер цом”-ын төлөө өрсөлдлөө. “Атлетик 220”-ийнхон гол тоглогчдоо өвлийн солилцоо наймааны цонхоор явуулсан ч Японы легионеруудаар хүч сэлбэжээ. Харин “Дэрэн”-гийнхэн 23 хүртэлх насныхны шигшээ багийн шилдэг тоглогч, мөн БНСУ-ын легионеруудаас гадна лигт шинэ өнгө төрх нэмсэн ОХУ-ын довтлогч Павел Захаровыг багтаа урьж тоглуулав. Хоёр багийнхан ширүүхэн тоглолт өрнүүлж, “Дэрэн”-гээс Б.Өсөх-Ирээдүй эхний хагаст тооны харьцааг нээн, Павел Захаров хоёрдугаар хагаст торгуулийн цохилтоо амжилттай болгосноор өрсөлдөгчөө 2:0-ээр буулган авч “Супер цом”- ын эзнээр тодорсон. Тус клубийнхний хувьд насанд хүрэгчдийн ангилалд гардсан анхны цом нь энэ юм. Хөлбөмбөгийн спорттой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, “Football for school” хөтөлбөрийг 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын 170 сургуульд хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд Монголын хөлбөмбөгийн холбоо, Боловсролын ерөнхий газар хамтран сургуулиудад талбайн хөлбөмбөгийн “Dream goal”, футзалын “Дуулиан” тэмцээн зохион байгуулахаар болсон гэнэ.