Жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах “Хүч цом” тэмцээнийг энэ жил охидын ангилалд 25, хөвгүүдийнхэд 34 дэх удаагаа зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд 70 байгууллагын 1400 залуу тамирчин зодоглов. Тэмцээнд Монголын жүдо академийнхан 116 тамирчнаа сойж, 22 медаль хүртлээ. Багийн дүнгээр тус академийнхан хөвгүүдийнхэд I, ахлах насны эмэгтэйчүүдийнхэд II, бага, дунд насны охидын ангилалд III байрт шалгарчээ. Тус академид хичээллэдэг ах, дүү У.Энх-Учрал, У.Мөнх-Учрал, У.Мөнгөн-Учрал нар энэ удаа бүгд алтан медаль зүүсэн нь онцлох үйл явдал байв. Ташрамд дурдахад, үүнээс өмнө Архангай аймгийн Цэцэрлэг сумд залуучуудын УАШТ болсон. Монголын жүдо академийн жүдочдоос эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Т.Анударь, -70 кг-д Ц.Мөнгөнтуяа, -78 кг-д О.Хүслэн нар түрүүлж, багийн дүнгээр анх удаа тэргүүн байрт шалгарсан билээ.