“Чи ч бас олимпод оролцогч байж чадна” сэдэвт спорт өдөрлөг өчигдөр боллоо. Азийн олимпын зөвлөлийн төслийн хүрээнд тус хорооны Спорт дахь эмэгтэйчүүдийн комиссоос зохион байгуулж буй цуврал арга хэмжээнүүдийн нэг нь энэ юм. Үү - ний хүрээнд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа өчигдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн сурагчидтай уулзаж, спортын замналынхаа талаар яриа өрнүүлэв. Уулзалтын үеэр сурагчдын дунд буудлагын тэмцээн зохион байгуулсан. Уг тэмцээнд хамгийн сайн оролцсон сурагчийг Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа буудлагаар нэг сар хичээллэх эрхийн бичгээр урамшууллаа. Тамирчны гэр бүлээс гаралтай, 29 жил буудлагаар хичээллэсэн, Монголоос хамгийн олон удаа буюу долоон олимпод оролцсон тэрбээр спортын ач холбогдол, хэрхэн амжилтад хүрэх, бие, сэтгэлийн тэвчээр, хатуужлын талаар сурагчидтай ярилцжээ. “Би хүүхэд байхдаа Долоон буудал дахь гэрээсээ Буудлага спортын төв рүү байнга автобусаар явдаг байсан. Бэлтгэлийн ачаалал их, үнэхээр ядардаг болохоор автобусанд үргэлж унтчихсан, эцсийн зогсоол дээр очиход кондуктор сэрээдэг байлаа. Цүнх, эд зүйлээ алдах тохиолдол ч гарсан. Олон цаг ганцаараа хана руу хараад дасгал хийдэг. Амжилт үзүүлээгүй үед гэртээ яаж харина даа гэх мэт хэцүү асуудал байнга тулгардаг. Бэртэж гэмтсэн үед туйлын хэцүү” гэж тэрбээр сурагчдад хэлж, шантрах үе олон байдаг ч зорьсондоо хүрэхийн тулд тэсвэр хатуужилтай байх хэрэгтэйг зөвлөв. МҮОХ спортын алдартнуудыг сурагчидтай уулзуулж, туршлагаас нь хуваалцах аяныг өчигдөр ийнхүү эхлүүллээ. Уг аяны хүрээнд Гавьяат тамирчин, боксчин Д.Отгондалай, тамирчин М.Намуун, сагсан бөмбөгийн 3х3 төрлийн багийнхан сурагчидтай уулзана. Мөн Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, байт харвааны тамирчин Б.Урантунгалаг нар ая - ныг дэмжин ажиллах юм байна.