АНУ-ын Сагсан бөмбөгийн холбоо болон “Nike” компаниас жил бүр зохион байгуулдаг, 19 хүртэлх насны залуучуудын “Nike hoop summit-2022” тоглолт Орегон муж улсын Портленд хотын “Moda center” ордонд ирэх сарын 8-нд болно. 27 жилийн түүхтэй эл тоглолтод тус улсын болон дэлхийн шигшээ багууд халз өрсөлддөг. Тэгвэл Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од дэлхийн шигшээ багт уригдаж, эл тоглолтод оролцох нь. Тэрбээр Охайо муж улсын Дэйтоны их сургуульд тэтгэлэгтэй суралцан, сагсан бөмбөгийн багт нь тоглох урилга авсан юм. Мөн спортын алдарт суваг ESPN-ээс нэрлэсэн, АНУ-ын ахлах сургуулийн энэ оны төгсөлтийн 100 шилдэг сагсаг бөмбөгчийн нэгээр нэрлэгдэж байв. Энэ удаа дэлхийн шигшээ багт түүнээс гадна Африк, Латин Америк, Ази, Европын орнуудын шилдэг тамирчид багтжээ. Ур чадвараа дэлхийн үзэгчдийн өмнө батлан харуулах боломж олгодог эл тоглолтыг цар тахлын улмаас сүүлийн хоёр жил зохион байгуулаагүй юм.