“Бээжин-2022” паралимпийн наадмын дөрөв дэх өдрийн тоймыг сонирхуулъя. Энэ өдөр нийн зургаан багц медалийн эзэд тодорсноос Украины тамирчид онцгой амжилт гаргалаа. Эмэгтэйчүүдийн биатлоны (босоо) төрөлд украинчууд медалийн тавцанд бөөнөөрөө зогсов. Алтан медалийг И.Буй хүртсэн бол мөнгөн медалийг О.Кононова зүүж, паралимпийн найман медальтай боллоо. Гуравдугаар байрт Л.Ляшенко орсон юм. Эл бахдам амжилтаас хэдэн цагийн дараа Украины эрэгтэй биатлончид (харааны бэрхшээлтэй) бүсгүйчүүдийнхээ амжилтыг давуулан биелүүлж, эхний таван байрыг хуу хамлаа. Тэргүүн байр эзэлсэн В.Лукяненко олимпоос найм дахь алтан медалиа зүүснээр түүхэн дэх хамгийн амжилттай пара тамирчин болов. Түүнийг энэ жил 43 настай гэдгийг ташрамд дурдъя. Мөнгө, хүрэл медалийг нутаг нэгт А.Ковалевский, Д.Суярко хүртжээ.
Биатлоны эрэгтэй суугаа төрөлд Лю Мен тао дэвжээний эзэн улсын найм дахь алтан медалийн эзэн болов. Түүнээс 47 секунд хоцорсон Германы М.Флейг дэд байр эзэлж, спринт төрөлд хүртсэн хүрэл медалийнхаа өнгийг хувиргалаа. Эл төрөлд түрүүлнэ гэгдэж байсан Т.Рад дөрвөн удаа алдаж буудсанаар гутгаар байрт орсон юм.
БНХАУ-ын шайбтай хоккейн баг Италийг 6:0-ийн харьцаатай бут ниргэв. Тэд одоогоор нэг ч ялагдаагүй явна. Хүчирхэг Канадын хоккейчид мөн ижил харьцаагаар БНСУ-ын багийг энэ өдөр ялсан юм.
ОНЦЛОХ МӨЧ
Эмэгтэйчүүдийн пара биатлоны (суугаа) ангилалд АНУ-ын К.Гретш нутаг нэгт О.Мастерстай ширүүн тэмцэл өрнүүлсний эцэст ялалт байгууллаа. Хэрэв О.Мастерс түрүүлсэн бол спринт төрөлд хүртсэн алтан медалиа ихэрлүүлэх байв. Хэдий тэрбээр буудлагаа онц гүйцэтгэсэн ч нэг удаа алдаж буудсаны улмаас тор гуулийн тойрог хийсэн К.Гретшт сүүлийн долоон км-т гүйцэгдэж, аваргалах боломжоо алдсан аж. Алтан медалийн эзэн уралдааны дараа “Багийн анд Оксана болон Германы Аня нартай хамт шагналын тавцанд зогсож байгаадаа баяртай байна. Бид түүнийг “биатлоны хатан хаан” гэж нэрлэдэг учир түүнтэй хамт зогсож байгаа нь сайхан хэрэг” гэж ярьжээ. Сүүлийн зургаан сар К.Гретшийн хувьд амжилтаар дүүрэн үе байлаа. Тэрбээр “Токио-2020” зуны паралимпийн наадмаас пара триатлоны төрөлд алтан медаль, пара дугуйн уралдаанаас хоёр медаль хүртсэн юм. Ийнхүү тэрбээр өвлийн паралимпээс ес, зуныхаас гурван медаль хүртээд байна.
ОНЦЛОХ ТАМИРЧИН
Энэ жил 18 настай Л.Мариа Уолтер пара биатлоны (харааны бэрхшээлтэй) төрөлд аваргалсан Германы анхны эмэгтэй тамирчин боллоо. Эл төрөлд гарцаагүй аваргална гэгдэж байсан Украины О.Шышкова хоёр сумаа алдаж буудсанаар залуу тамирчинд түүхэн амжилт үзүүлэх боломж олгожээ. Герман, Украины бүсгүйчүүд бусдаасаа хол тасран барианд орж ирсэн аж.
Паралимпээс анхны алтан медалиа хүртсэн Уолтер тэмцээний дараа “Үнэхээр аз жаргалтай байна. Алтан медаль хүртэх нь гайхалтай мэдрэмж юм” хэмээн ярьжээ. Тэрбээр Бээжингээс өмнө нь хоёр хүрэл медаль (пара биатлоны зургаан км, пара гүйлтийн цанын 15 км) хүртээд байсан юм.