АНУ-ын Орегон мужийн Южин хотод долдугаар сарын 15-24-нд хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн болно. Тус хотын “Hayward field” цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн аваргын тэмцээнийг 2021 онд зохион байгуулах байсан ч цар тахлын улмаас хойшлуулсан юм. Өмнөх ДАШТ-д Монголын хөнгөн атлетикийн дөрвөн тамирчин оролцсон бол энэ удаагийнхад Б.Сэр-Од өрсөлдөх эрх авчээ. Тэрбээр өнгөрсөн жил Японд болсон “Lake biwa Mainichi marathon”-д 2:09:26 цагийн амжилт үзүүлж, ДАШТ-ий босго стандартыг биелүүлжээ. Хөнгөн атлетикийн ДАШТ-д 2003 оноос хойш тасралтгүй хурд сорьсон түүний 10 дахь тэмцээн нь энэ болох юм.