Дархан-Уул аймгийн прокурорын газраас аймгийн хэмжээнд үйлдэгдсэн цэргийн анги, салбарын алба хаагчид холбогдох зөрчлийн болон эрүүгийн хэрэг, түүний шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийн байдлыг 2020, 2021 оны I улирлын байдлаар судалжээ.
Дээрх хугацаанд тус аймагт байрлах Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Зэвсэгт хүчний 322 дугаар тусгай салбар болон аймгийн Цагдаагийн газрын Дотоодын цэргийн тусгай салбарын алба хаагч нараас нийт хоёр эрүүгийн гэмт хэрэг, 28 зөрчлийн хэрэгт холбогдон шалгагдсан байна.
Зөрчлийн хэргийн тухайд цэргийн анги, салбарын алба хаагчид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд ихээр холбогджээ. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчилд 21, 14.7 дугаар зүйлийн 5-д заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчилд 4, 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан” зөрчилд 1 алба хаагч холбогдсон бол “цагдаагийн алба хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн”, “бусдын эд хөрөнгө хууль бусаар устгасан” зөрчилд тус бүр 1 алба хаагч холбогдон, хуульд заасны дагуу шийтгүүлсэн байна.