Улс орон даяар цар тахлын халдварын нөхцөл буурахгүй байгаатай холбогдуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд хугацаат албаны дайчдыг ар гэрийнхний уулзалтыг хүлээн авах боломжгүй байгаа. Үүнтэй уялдуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нар хугацаат цэргийн алба хаагч, тэдний ар гэрийнхнийг цахимаар "уулзуулах" ажлыг зохион байгуулж буй. Тодруулбал, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран уулзалтыг утсан холбоо болон интернэтээр зохион байгуулсаар байна. Мөн Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан цахим уулзалтаас гадна “Цэрэг эрсэд хүргэх таны илгээмж” аяныг тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан хугацаат албаны дайчдын ар гэрийнхний дунд өрнүүлж эхэлжээ. 2020 оны арванхоёрдугаар сараас Шинэ жил, “Цагаан сар”, орчин цагийн Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсаны 100 жилийн ойг тохиолдуулан илгээмжийг хүлээж авсан бөгөөд өдгөө хэрэгжүүлээд хэвшил болгожээ. Алс зүүн хязгаар Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудаас цар тахлын эрсдэлтэй энэ үед дайчдын эцэг, эх, ар гэрийнхний сэтгэл шингэсэн илгээмж, захидал, гэрэл зургууд эзэндээ ирсээр байгаа гэнэ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд байлдагч Э.Лхасүрэн гэрээсээ унших дуртай боть номоо захиалж авчруулжээ.