Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Жаргалант I баг Арлаг гэх газарт Налайх дүүргийн харьяат 40 орчим насны Б гэх эмэгтэй хүн самарт явж байгаад урцандаа шатсан хэрэг гарсан. Уг мэдээллийн мөрөөр ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигээс зарим зүйлийг тодрууллаа.
-Орон нутагт гарсан хэрэг явдлын талаар товч мэдээлэл өгнө үү?
-Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Жаргалант I баг Арлаг гэх газарт Налайх дүүргийн харьяат 40 орчим насны Б гэх эмэгтэй хүн самарт явж байгаад урцандаа шатсан байдалтай нас барсан байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага гуравдугаар сарын 31-ны өдрийн 03.18 цагт авч, хэргийн газар руу очиж шалгасан. Хэрэг учрал болсон гэх газар Мөнгөнморьт сумын төвөөс баруун хойд зүгт 180 км орчим ууланд, бартаа ихтэй, шавар намагтай замтай байсан байна. Уг хэрэгт Төв аймаг дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
-Зарим хэвлэлээр нэр бүхий цагдаа нар хохирогчийн хажууд инээлдэн мөн сэльфидээд байх шиг байсан, ченж гэх хүмүүс цагдаа нарт гурван шуудай самар өгсөн зэрэг цагдаагийн алба хаагчидтай холбоотой мэдээлэл гарсан. Үнэхээр алба хаагч зохисгүй харилцаа гаргасан юм уу?
-Уг мэдээлэлтэй холбогдуулан ЦЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс тухайн хэргийн газар ажилласан цагдаагийн алба хаагчдад албаны дотоод шалгалтыг явуулж байна. Шалгалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн бодит нөхцөл байдлын талаар эргэн тайлбар мэдээлэл өгье.
- Ер нь цагдаа нарын “хүн торгох”,“хэрэг илрүүлэх” норм нь хүний эрхийг зөрчиж байна гэх хардлага байдаг. Энэ хэр үнэн бодитой мэдээлэл вэ, үнэхээр ийм зүйл байдаг юм уу?
- Цагдаагийн байгууллагаас алба хаагчдад хүн торгох, хэрэг илрүүлэх тоо зааж өгч, үүнээс болж алба хаагч нар хууль зөрчдөг гэдэг нь үндэслэлгүй. Харин алба хаагч бүр гэмт хэрэг, зөрчлийг гаргуулахгүй байх, гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэхийн төлөө ажилладаг. Иймд үндэслэлгүй ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүсч байна.