“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүчний чиглэлд 4 багц 22 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнд төвийн бүсийн цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх, эрчим хүчний шинэ эх үүсвэр барих, дэд станцуудын тоог нэмэгдүүлэх төслүүд багтсан. Энэхүү төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 2022 оны тооцооллоор нийт 14.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзжээ. Үүнээс ДЦС-ын хүчин чадлыг өргөтгөх зургаан төслийг хэрэгжүүлэхэд 4.2 их наяд төгрөг шаардлагатай. Төслийн хүрээнд ДЦС-5 325МВт, ДЦС-2 100МВт, Чойбалсан ДЦС 50МВт, Амгалан ДС 116 МВт, ДЦС-4 уурын зуух 500тн/ц, Хийн эх үүсвэрүүдийг 219 МВт-аар өргөтгөх юм. Мөн эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд барихад 9.1 их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Үүнд, Тавантолгой ДЦС 450 МВт, Эрдэнэбүрэн УЦС 90МВт, Эгийн голын УЦС 315 МВт, Багахангай цахилгаан станц 300МВт, Багануур ДЦС 400МВт-ын эх үүсвэр баригдах юм. Түүнчлэн эрчим хүчний дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээний төслүүдэд 1.2 их наяд төгрөг шаардлагатай. Дээрх хөрөнгө оруулалтаар Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай 468 км, Тавантолгой ДЦС-Оюутолгой 167 км, Сайншанд-Цагаансуварга 204 км, Багануур-Чингис-Чойбалсан 518км, Багануур-Чойр 188 км, Мандалговь-Арвайхээр 287 км, Багануур-Налайх-Улаанбаатар 130 км цахилгаан дамжуулах агаарын шугам барина.
Харин байгаль орчинд ээлтэй, шинжлэх ухаан, дэвшилтэт технологид суурилсан эрчим хүч, цөмийн эрчим хүч, ногоон устөрөгч, байгалийн хий, сэргээгдэх эрчим хүч нарны 35МВт, салхины 15МВт нийтдээ 329 тэрбум төгрөгийн төслийг хэрэгжүүлнэ хэмээн “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгажээ. Олон улсад нүүрс суурьтай эрчим хүчний эх үүсвэрүүдэд санхүүжилт олгох боломж хумигдсан. Тиймээс дээрх төслүүдийг дотоодын эх үүсвэр, тусгай эрхийн гэрээгээр хэрэгжүүлэхээс өөр сонголтгүй болсон. Өөрөөр хэлбэл, нийт шаардлагатай 14.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс санхүүжүүлж чадахгүй. Мөн станцуудын олон жилийн хуримтлагдсан өр төлбөрөөс шалтгаалж өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх чадамжгүй билээ. Ийм нөхцөлд төслийг эхлүүлэх шийдэл нь төр, хувийн хэвшлийн түншлэл юм. Гэхдээ үнэ тарифыг бодит өртөгт хүргэж, тодорхой хугацаанд үнийг чөлөөлсөн тохиолдолд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна гэсэн үг.