Морин спорт, морьт циркийн үзүүлбэрийг дэлхийн олон оронд тоглож, сурталчилсан уран бүтээлчид Монгол Улсын морин урлагийн нэгдсэн холбоо байгуулсан. Тус холбооны тэргүүнээр 2019 оноос хойш Д.Ариунболд ажиллаж буй. Тэрбээр 20 гаруй жил БНСУ, БНХАУ, АНУ, ХБНГУ зэрэг улсын аялал жуулчлалын төв болсон хотуудад морьтны шоу дэглэн, хүргэсэн юм. Харин өнөө жилээс эл шоугаа Монголын үзэгчдэд хүргэхээр болжээ. Тодруулбал, ирэх сараас тус морин шоуг Хустайн нуруунд үзэх боломж бүрдэх нь. Д.Ариунболд “Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт хамаардаг, эргэн тойрон 10 км үргэлжлэх элсэн манхан бүхий Молцог элс гэх газарт задгай театр бариулж буй. Энэ нь бидний 18 дахь тайз. 2000 суудалтай, 120 метр урт, 80 метр өргөн, 200 машины зогсоолтой, морин шоунд зориулсан театр юм. Ирэх сараас шоугаа өдөр бүр хүргэхээр төлөвлөсөн” гэв.
А.ТАЙШИР