АНУ-ын индианчууд болон бусад уугуул иргэний хүүхдүүд дотуур байртай сургуулиудад хүчирхийлэл, зүй бус харьцаанд олон арван жилийн турш өртөж байсныг тус улсын эрх баригчид хүлээн зөвшөөрчээ. Дотоод хэргийн яамнаас нь нийтэлсэн тайлангаас үзвэл Америкийн эрх баригчид эдгээр ард түмнийг соёлын хувьд уусгахын тулд хүүхдүүдийг төрөл төрөгсдөөс нь салгаж, тусгай байгууллагад албадан байрлуулсан аж. “1819- 1969 онд Америкийн 37 муж, эсвэл нутаг дэвсгэрт индианчуудад зориулсан, дотуур байртай 408 дунд сургууль байсан. Уугуул үндэстнүүд оршин суудаг Аляскад 21, Хавайд долоон сургууль байсныг мөрдөн байцаагчид тогтоожээ” хэмээн тайланд дурдсан байна. Эдгээр байгууллагын дийлэнх нь хүүхдүүдийг зүй ёсоор асран, хамгаалж байгаагүй гэнэ. “Индианчуудын дотуур байртай сургуулиудад бие махбод, бэлгийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг, өвчлөл их, хоол тэжээлийн дутагдалтай, хүүхдийн тоо хэт олон, эмнэлгийн тусламж, үйлчилгээ хомс байсан нь тодорхой баримттай байсан” гэж тус яамнаас мэдэгджээ. Тэдгээр сургууль бүрийн дэргэд оршуулгын газар байсныг тайланд онцолсон байна. Мөрдөн байцаалтын явцад 53 сургуульд тэмдэглэгдсэн, эсвэл тэмдэглэгээгүй оршуулгын газар байсан нь тогтоогдсон гэнэ. Цаашид шалгалтын явцад тоо нэмэгдэнэ гэж баримт бичигт дурджээ. Урьдчилсан дүн шинжилгээгээр Аляск, Хавайн дотуур байртай 19 сургуульд 500 гаруй хүүхэд нас барсныг илрүүлжээ. АНУ-ын Дотоод хэргийн яам нь хүчний байгууллага биш бөгөөд газар ашиглах, байгалийн баялаг олборлох асуудлыг шийддэг. Мөн Америкийн индианчууд, Аляск, Хавайн арлуудтай уугуул иргэдтэй холбоотой хөтөлбөрүүдийг хариуцдаг аж.
Бэлтгэсэн: З.Амгалан