Олон Улсын хѳдѳлмѳрийн байгууллагаас (ОУХБ) жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны ѳдрийг Дэлхийн хѳдѳлмѳрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ѳдѳр болгон тэмдэглэдэг. Монгол Улс нь ОУХБ-н гишүүн орон бөгөөд жил бүрийн IV сарыг Хѳдѳлмѳрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгон үндэсний хэмжээнд хѳдѳлмѳрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг тѳлѳвшүүлэх чиглэлээр олон тѳрлийн аян ѳрнүүлсээр ирсэн. Энэхүү тэмдэглэлт ѳдрийг тохиолдуулан Монгол Улсад анхны “Хамгаалах хэрэгслийн чанарын баталгаажуулалтын лаборатори”-г ашиглалтад оруулах гэж байна.
Монгол Улсын хувьд барилгын талбайд хамгаалалтын дуулга, ажлын тусгай гутал, ѳндрийн бүс зэргийг түгээмэл хэрэглэх болсон ч, тэдгээр нь олон улсын чанарын стандартын шаардлагад бүрэн нийцсэн эсэх нь эргэлзээтэй байдаг ба чанарын шаардлага хангаагүй нэг бүрийн хамгаалах хэрэгсэл ашигладаг ажилчидтай барилгын талбай олон бий. Барилгын компани нь ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал болон амь нас, эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих үүрэгтэй байдаг. Хэдийгээр Монгол Улсын Засгын газраас хамгаалах хэрэгслийн чанар стандартыг тогтоосон хэдий ч чанарын стандартыг турших тоног тѳхѳѳрѳмжгүйн улмаас хамгаалах хэрэгслийн чанарыг баталгаажуулах тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай юм.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) нь Монгол Улсын Засгийн газартай хамтран “Барилгын салбар дахь хѳдѳлмѳрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх тѳсѳл”-г 2017 оноос хойш хэрэгжүүлж буй. Тѳслийн хүрээнд, Мэргэжлийн хяналтын ерѳнхий газартай (МХЕГ) хамтран “Хамгаалах хэрэгслийн чанарын баталгаажуулалтын лаборатори”-г байгуулахын зэрэгцээ нэг бүрийн хамгаалах хэрэгслийг турших Монгол Улсын стандартыг шинэчлэн боловсруулах бэлтгэл ажил хангагдаад байна.
Тус лабораторийг хамгаалалтын дуулга, ажлын тусгай гутал болон төрөл бүрийн туршилтыг хийж болохуйц олон үйлдэлт систем бүхий төхөөрөмжүүдээр тоноглосон бөгөөд ѳндрийн уналтаас хамгаалах хэрэгслийн чанарыг баталгаажуулах тестийн орчинг бүрдүүлсэн төмөр бүтээц зэргээс бүрдсэн туршилтын өндөр чадвар бүхий байгууламж болсон юм.
МХЕГ-нь Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавин ажилладаг гол байгууллага бөгөөд тус лаборатори ашиглалтад орсноор хяналтын чадавх нэмэгдэж, Монгол Улсын иргэн бүрт хөдөлмөрийн аюулгүй байдлын үндсэн ойлголт, эерэг хандлага, соёлыг түгээхэд илүү хялбар болох юм.