БНХАУ-ын Тяньжин боомтод 3162 чингэлэг саатаж, бөөгнөрөл үүссэн асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН болон холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээ авж эхэлжээ. Тухайлбал, энэ сарын 9, 10-нд Тяньжин боомтоос эхтэй импортын чингэлгийн 4 галт тэргийг Замын-Үүд өртөөнд хүлээн авсан бөгөөд одоогийн байдлаар дахин 6 галт тэрэг Эрээн өртөөг чиглэн замд явж буй тухай Хятадын талын төмөр замын байгууллагаас мэдээллээ. Монголын тал чингэлгийн бөөгнөрлийг шийдэх асуудлыг БНХАУ-ын ГХЯ, “Хятадын Төмөр замын групп” ХХК-д тавьж, Хятадын тал боомтод хуримтлагдсан чингэлгийг яаралтай горимоор тээвэрлэхээр болжээ.