Улаанбаатар-Хөшигтийн хөндийн чиглэлийн шинэ хурдны зам эвдэрчээ. Тодруулбал, тус замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр буюу 140 сая ам.доллараар барьсан бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр хятдын компани, туслан гүйцэтгэгчээр “Бадрах ойл” ХХК, “Эрдэнэт зам” ХХК, “Ард капитал” ХХК ажиллажээ. 2016 онд эхлүүлсэн эл ажлыг 36 сарын дотор гүйцэтгэхээр төлөвлөж, 2019 онд ашиглалтад оруулсан аж. Хурдны зам эвдэрсэн асуудлын талаар ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаа “32.2 км үргэлжлэх хурдны замыг ашиглалтад оруулахаар хүлээж авсан ч хөл хорионы улмаас ашиглаагүй. Тус газарт одоогоор зам дагуу 115 метр орчим хагарал үүссэн байна. Үүнийг засварлах ажлын хэсэг гаргасан бөгөөд удахгүй засах болно. Эл хурдны зам өнгөрсөн жил хагарсан байсныг гүйцэтгэгч компани нөхсөн боловч энэ жил илүү том эвдрэл үүсчээ. Засварын ажлыг гүйцэтгэх компани нь 100 хувь хариуцна” гэж мэдээллээ.