“Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэлээс үе тэнгийнхний дунд судалгаа хийж, гадуурхалт, дарамт, дээрэлхэлт их байгааг тогтоожээ. Анхаарал татсан эл судалгааг тоймлон хүргэе. Өсвөр насны, ерөөс ерөнхий боловсролын сургуульд суралцдаг хүүхэдтэй бол тэдэнтэйгээ ярилцаж, сэтгэлийг нь уудлах хэрэгтэй нь судалгаанаас нэвт харагдсан.
Өмнө нь Хүний эрхийн үндэсний комиссоос 10 хүүхэд тутмын 8 нь бие махбодын хүчирхийлэл, дээрэлхэлт, дарамтад өртдөг хэмээх дүгнэлтийг гаргаж байв. Мөн асуулгад хамрагдсан хүүхдүүдийн 38.3 хувь нь багш, сургуулийн атаман, нийгмийн ажилтнаас хамгийн их айдаг хэмээжээ. Энэ нөхцөл байдал өдгөө ч дээрдээгүй хүүхдүүд дарамтад орсон хэвээр байгааг “Бүх нийт боловсролын төлөө” эвсэлийн гишүүн Б.Ардак онцолсон юм. Мөн сургуулийн орчинд хамгийн их хүчирхийлэл үйлддэг хүнээр дээд ангийнхан (47.5 хувь), багш нар (15 хувь) тодорчээ.
Сургууль хүүхдэд боловсрол олгохоос гадна эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэг хүлээдэг.
Харамсалтай нь, сурагчид сургууль, дотуур байрандаа үе тэнгийнхний болоод дээрэлхэлтэд өртөх, ялгаварлан гадуурхагдах, хүчирхийлэл, гэмт хэрэгт холбогдох эрсдэл өндөр байгаа юм.
ЦЕГ-аас мөн сурагчдын талаас илүү хувь нь амьд харилцаагаар дутдагийг судалгаа гаргажээ. Хор уршиг нь 6-13 насныхны дунд уур бухимдал ихэсжээ. Үүнд эцэг, эх их хамгийн их нөлөөтэй гэнэ. Нөгөөтэйгүүр “Ковид-19” цар тахлын үед сурагчдын цахим хэрэглээ өссөнтэй холбоотой аж.
Уг нь сургуулийн орчин, дотуур байрны аюулгүй байдлыг төрөөс тодорхой хэмжээнд анхаарч буй. БСШУЯ-ны сайдын тушаалаар ЕБС-ийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого, Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журам зэргийг боловсруулж баталсан.
Гэвч эдгээр баримт бичиг үе тэнгийхний дундах дарамт дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх практик ач холбогдолгүй гэнэ. Учир нь энэ журмын талаар сургуулийн удирдлага, багш, гэр бүл, асран хамгаалагч болон сурагчдад нэгдсэн ойлголт өгөөгүй аж. Энэ нь сургуулийн орчинд гарч буй хүчирхийлэлд хариу арга хэмжээ авах, хүчирхийллийг зогсоох, багш сурагчдын хандлагад өөрчлөлт авчраагүйг судлаачид хэлсэн.
Хүүхдийн эсрэг хүчирхийлэл өссөн нь тэгш бус байдал гүнзгийрсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, нийгмийн гарал, эрх мэдлийн хувьд ялгаатай бүлгүүдийн хувьд ялгаварлан гадуурхалтыг дэвэргэж, улмаар жендерт суурилсан болон бусад хэлбэрийн хүчирхийллийг даамжруулж буй. Тиймээс Монголд нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, хогийн цэг дээрх, сургууль завсардсан, асрамжийн газрын, хагас болон бүтэн өнчин, насанд хүрээгүй хэрнээ ээж, аав болсон, өрх толгойлсон хүүхдүүд (Аав, ээжээсээ хол, суурин газарт сургуульд суралцдаг дүү нараа хардаг, айлын том хүүхэд) олширсон гэнэ.
Сургуулийн орчинд үе тэнгийнхний дээрэлхэлт дорвитой буурахгүй байгаа учраас энэ бүхнийг таслан зогсоохоор “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэлээс Боловсролын ерөнхий газартай “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулжээ. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 33 сургуулийг хамарч, эерэг нөлөөллийн үйл ажиллагаа явуулах юм байна. Үе тэнгийнхний дээрэлхэлт голлон 7-8 дугаар ангийнхны дунд гардаг гэнэ.
Үе тэнгийнхний дунд нэгнийхээ бие махбодид халдах, сэтгэл санаагаар унагах, хэл амаар доромжлох, ил далд хэлбэрээр хавчих, хамт байхгүй ч цахимаар дээрэлхдэг аж. Тодорхой хэлбэл, хүүхдүүд нэгнээсээ мөнгө нэхэж, эд зүйлийг нь булааж, эвдэж, сүйтгэж, нэр хүндийг нь гутаасан үг үйлдэл гаргаж, алгадаж, өшиглөж, анги дээрээ хуваарилсан баг, бүлгээс хасаж ганцаардуулдаг. Улмаар эл үйлдлээ байнга давтдаг аж. Энэ бүгдийг нэн тэргүүнд аав, ээж, багш, нийгмийн ажилтан таслан зогсоох учиртай. Харамсалтай нь дээрх судалгаагаар зарим тохиолдолд хүчирхийлэгч нь аав, ээж, багш, нийгмийн ажилтан байгаа юм. Дараагийн ээлжид цагдаа, сургуулийн автобусны жолооч, 108 дугаарын тусгай утас, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрынхан дээрэлхэлтийг таслан зогсоох үүрэгтэй. Дээрэлхэлт гэдгийг “Хүч тэнцвэргүй байдалд байгаа үе тэнгийнхний хооронд олон дахин давтагддаг, түрэмгий үйлдэл бөгөөд түүнийг хохирогч хүсээгүй байдаг” хэмээн тодорхойлжээ.