Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон “Хөдөө аж ахуйн корпорац”, “Хөдөө аж ахуйн бирж” хамтран өнгөрсөн сарын 28-наас үрийн болон хүнсний улаан буудайн дуудлага худалдаа зохион байгуулж эхэлснээ мэдээлэв. Дуудлага худалдааг энэ сар дуустал долоо хоног бүрийн даваа, мягмар, пүрэв гарагт тогтмол явуулах гэнэ. “Хөдөө аж ахуйн бирж” энэ хаврын дуудлага худалдааны эхний өдрөө 71 тонн үрийн буудайг 108 сая төгрөгөөр арилжжээ. Харин дараа өдөр нь гурван сортын 135 тн үрийн буудайг 203 сая төгрөгөөр борлуулсан байна. “Хөдөө аж ахуйн корпорац”-ын мэргэжилтэн Ч.Чинзориг “2025 оны хаврын тариалалтад нийлүүлэх үрийн болон хүнсний улаан буудай, бодис, техник тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлж, олгох ажлыг эхлүүлээд байна. Энэ жил гадаадаас элит болон бусад сортын үр оруулж ирэхгүйгээр 2024 оны ургацын нөөцөөрөө дотоодын хэрэгцээгээ хангах зорилт тавьсан. Өнгөрсөн жилийн ургацаас 10 нэр төрлийн сортын 6500 тонн үрийн нөөц бүрдүүлсэн. Тариалан эрхлэгчид манай корпорацаас олгож буй үрийн улаан буудайг авахын тулд “Хөдөө аж ахуйн бирж”-д бүртгүүлж, цахимаар болон танхимаар зохион байгуулах худалдаанд оролцйох боломжтой” гэв.
Н.Мишээл