“Уураг тархи болгон улайстал ажиллаж байж Монгол Улс хөгжинө” гэсэн чамин гоё үгийг УИХ-ын өнгөрсөн сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ очсон газар бүрдээ хоолойгоо сөөтөл чангаар хэлж байлаа. Ажил, амьдралд үнэхээр бодитоор хэрэгждэг бол чаминаас гадна үнэн үг. Ачир дээрээ даанч хамгийн оюунлаг уураг тархинууд гадагшаа “гоожиж”, чадварлаг, мэргэшсэн боловсон хүчин гадагшлах урсгал 2016 оноос хойш тогтмол өсөж, Монгол Улсын “Brain drain index” сүүлийн гурван жилийн дунджаар 4.2 оноотой байна.
Аливаа улс орны ид хөдөлмөрлөх насан дээрээ явж буй, өндөр боловсролтой иргэд амьдралын чанараа сайжруулах, хөдөлмөрөө зохих ёсоор үнэлүүлэх, эрүүл, аюулгүй орчин нөхцөлд амьдрах зэрэг шалтгаанаар эх орноо орхин явах үзэгдлийг “Brain drain” гэдэг. Товчхондоо бол тухайн улсын ур чадвартай хүний нөөц гадагш гарч ажиллаж, амьдарч байгаа урсгалыг хэмждэг индекс юм. “Human flight-Brain drain” индексийг 1-10 гэсэн үнэлгээгээр гаргадаг бөгөөд оноо өсөх тусам оюунлаг, ур чадвартай ажилтнуудаа тэр хэмжээгээр гадагшаа алдаж байна гэсэн үг. Тус индексийн 2007-2023 оны дунджаар Монгол Улс 3.08 оноотой, 177 орноос 123 дугаарт жагссан бөгөөд өнгөрсөн жилийн индекс 3.90 байсан нь өмнөхөөс ялимгүй буурсан дүн гэнэ. Гэхдээ энэ нь сонгууль угтсан улс төрийн “нүүдэлтэй” холбоотой учраас хожоо нь оюунлаг залууст биш, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ирсэн юм. 2011 онд хамгийн бага буюу 1.90 оноонд хүрсэн бол 2022 онд 4.30 буюу дээд хэмжээндээ хүрснийг “Global economy”-гийн цахим хуудаснаас бэлээхэн харж болно.
ЦАЛИН ХӨЛС, АМЬДРАХ ОРЧИН, ХҮҮХЭД ЭРҮҮЛ ӨСӨЖ, ХӨГЖИХ БОЛОМЖ ТААРУУГААС ДҮРВЭЛТ ҮҮДЭЛТЭЙ
Гадаад харилцааны яамны мэдээллээр манай улсын 220 мянга гаруй иргэн хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч байгаа бөгөөд Үндэсний статистикийн хорооноос 2023 онд гадаадын 15 улсад аж төрж буй 18-51 насны 1900 гаруй иргэнийг хамруулсан судалгаа хийжээ. Судалгаагаар 18-23 насныхан суралцах, 30-50 насныхан ажил хөдөлмөр эрхлэхээр харь оронд амьдарч байгаа гэсэн бол 70 гаруй хувь нь бакалавр, магистр, докторын зэрэгтэй иргэд гэдгийг тогтоосон байна. Дээрх судалгааны сэтгэл эмзэглүүлэм нэг дүгнэлт нь тэдгээр өндөр боловсролтой, чадварлаг боловсон хүчний олонх нь буюу 10 хүн тутмын найм нь Монголдоо буцаж ирэх бодолгүй гэж хариулсан явдал аж. Хүн амын хамгийн идэвхтэй, оюунлаг, сор болсон шилдэг залуучууд эх орондоо сайн сайхан амьдрах итгэл найдвараа өдөр өдрөөр алдаж, гадагшаа дүрвэхийн түүс болж буй шалтгааныг судлаачид их өгөгдөлд хийсэн шинжилгээгээр ийн тогтоожээ. Улаанбаатар хотын хүрээлэн буй орчны хор хөнөөл буюу агаарын бохирдол, замын түгжрэлээс гадна эрүүл, аюулгүй, амар тайван орчинд амьдрах баталгаагүй, хүүхэд багачууд чанартай боловсролыг тэгш, хүртээмжтэй эзэмших боломж үгүй, оюуны чадамжийг нь зохих ёсоор үнэлэх өндөр цалинтай ажлын байр хомс зэрэг ужиг шалтгаан бол үнэхээр л гадаад улс руу байтугай гариг эрхэс дамжаад ч хамаагүй зугтаад нүүчихмээр арга барсан нөхцөл билээ. Залуусаа сонсдоггүй дүлий төрийн бүх шатны авилга, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдал, төсвийн үрэлгэн зардлууд, инфляц, үнийн хөөрөгдөл, улстөрчдийн эрээ цээргүй авирлалд эцэс төгсгөл гэж үгүй бололтой. Ардчилсан улсад мэдээллийн ил тод байдал улам бүр хумигдаж, хаалттай болохын хэрээр Хүнд суртлын индекс нэмэгдсээр байна. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдаръя гэхнээ хүртэл өдөр тутмын ахуй амьдрал, сэтгэл зүйгээр нь “оролдоод” болохгүй байгаа энэ мэт зүйлсийг хүлцэн тэвчихэд, өөрчлөгдөнө гэж хүлээхэд хүмүүний ахархан залуу нас хүрэлцэхгүйг мэдээд тэд явж байна. Буруутгах арга алга. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, иргэд нийгмээс дэмжлэг авах боломж, эрүүл аж төрөх, амьдралын сонголт хийх эрх чөлөө, авилга зэрэг үзүүлэлтээр тооцон гаргадаг “Аз жаргалын индекс”-ээр манай улс жил бүр ухарч байгаа нь ч үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, хүн амын оюунлаг, чадварлаг, мэргэшсэн боловсон хүчин гадагшлах урсгал өсөн нэмэгдэхэд энэ мэтчилэн макро, микро олон хүчин зүйл нөлөөлдөг байна. “Хөгжиж буй болон ядуу буурай орны аль л гайгүй дөнгүүр гэсэн боловсон хүчнийг хөгжилтэй улсууд цалин мөнгө, амьдралын таатай нөхцөлөөр уургалан татаж, эз дийлэн авахыг “Brain drain” гэдэг. Тиймээс дорой буурай улс ядуу хэвээрээ л үлддэг” хэмээн Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргал өөрийн блогтоо бичсэн удаатай.
ТАРХИНЫ “ГООЖИЛТ”-ЫГ ЗОГСООХОД ЗАЛУУСТ ЧИГЛЭСЭН БОДЛОГО ЧУХАЛ
Нэг уураг тархи гадагшаа “урсаж” явахын цаана нийгэм, эдийн засаг, хөдөлмөрийн бү¬ тээмжийн зах зээлд ямар их өөрчлөлт гардгийг мэддэг учраас улс орнууд энэ индексийг бууруулах, ядаж л тогтвортой байлгахад бодлогоор байнга анхаардаг аж. 2007 оны анхны “Brain drain index”-ээс хойш тогтмол эхний гуравт ордог, 2024 онд 0.30 оноогоор тэргүүлсэн Австрали гэхэд Залуучуудын хөгжлийн яамаараа дамжуулан үндэсний стратегийг хөрөнгө, хүч хаян хэрэгжүүлж, хүн ам зүйн бүтцийн хувьд цохилох зүрх нь болсон тэргүүн фронтоо бодлогоор дэмжиж ажилладаг. 2017 онд Хятад 4.90 оноотой байсан бол долоон жилийн хугацаанд 3.20 болтол энэхүү индексийг огцом бууруулжээ. Харин Япон тэр үед 3.50 байсныгаа 2014 он гэхэд 2.40-д хүргэж, мөн л нэг бүхэл оноогоор доошлуулсан амжилттай байна. Тухайн үед одоогийн манайх шиг 3.90 оноотой байсан Өмнөд Солонгос харин 3.10-д хүргэсэн бол манай хойд хөрш ОХУ 2017-2022 онд 4.003.40 хүртэл бууруулж байсан амжилтаа дайны хор уршгаар үгүй хийж, залуусын дүрвэлтийниндекс нь өдгөө 3.80 болж өсжээ. Харин Монгол Улсын Засгийн газрын 20202024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийг эх орондоо эргэн ирж ажиллах, хилийн чанадаас улсынхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах таатай нөхцөлийг бүрдүүлнэ” гэж тусгасан ч бодит байдалд өөрчлөлт гарсангүй. Манай улсад тулгамдаж буй нийгэм, эдийн засгийн суурь асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхгүй бол “Brain drain” индекс цаашид ч өсөж, “Brain gain” буюу тархины урсгалаа эргүүлэн татах боломж улам буурах эрсдэл үүссэнийг судлаачид 2024 онд МУИС-д болсон “Brain drain to Brain gain” хэлэлцүүлгийн үеэр сануулж байв. Гэтэл бодит байдалд манай төр засгийн алсын хараа “сохорч”, залуусаа хөсөр хаясны тод жишээ нь энэ бүлгийн хүн амд чиглэсэн бодлого, үндэсний хөтөлбөр, институцийн үйл ажиллагаа, төсөв санхүүг нь хүртэл үгүй хийгээд байгаа билээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 онд хийсэн хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, шинжилгээний тайланд дурдсанаар энэ онд дотоодын хөдөлмөрийн зах зээлд 83.7 мянган ажиллах хүч¬ ний эрэлт үүсэхээр байна. Энэ нь сүүлийн 10 жилийн улсын дунджаас давсан эрэлт тул хаанаас хэрхэн нөхөх тухай эртнээс бодож, төлөвлөх шаардлагатайг мөн л сануулж байж.
“BRAIN DRAIN TO BRAIN GAIN” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР “ҮНС” БОЛОВ
Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойших 30 гаруй жилийн хугацаанд шинжлэх ухаан, боловсролын салбарын олон эрдэмтэн судлаач,оюутан гадаад улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, боловсрол эзэмшихээр явсан бөгөөд эдгээр нөөцийг эргүүлэн татах зайлшгүй шаардлага үүсээд байгаа аж. Тухайлбал, манай улсад агаарын хөлгийн ашиглалтын болон уурхайн засвар үйлчилгээний инженер, биотехнологич, лабораторийн эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн болон программ хангамжийн инженер, арьс боловсруулагч технологич зэрэг өндөр боловсрол, ур чадвар шаардсан ажлын байрны эрэлт хэрэгцээ их байна. Иймд хилийн чанадад нарийн мэргэжлийн, академик ажил эрхэлж байгаа монголчуудын оюуны урсгалыг эргүүлэн татаж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газар, тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тусгайлсан үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар одоогоос яг жилийн өмнө буюу сонгуулийн “халуурал” эхлэхийн түрүүхэнд ярьж байв. Гадаадад нарийн мэргэжлийн, академик ажил эрхэлж байгаа монголчуудын нэгдсэн мэдээллийн сан, виртуал платформ хөгжүүлж, байнгын үйл ажиллагаатай болгон эрдэмтэн, судлаачдыг цахим орчинд мэдлэг, туршлагаа хуваалцаж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, тэднээр дамжуулан Монгол Улсад хэрэгцээтэй тэргүүлэх технологийг нутагшуулах, буцаагаад манайхаас шилдэг технологи, шийдлийг нь олон улсын тавцанд гаргах шинэ гарц бий болгоход дээрх Үндэсний хөтөлбөрийн бодлого чиглэх байсан юм. Түүнчлэн гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдэд Монголын ажил олгогчид, үндэсний компаниуд, тэдгээрийн цахим ажлын байр, цалин нөхцөлийн талаарх мэдээллийг хүргэж, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх байсан ч Боловсролын яам энэхүү бодлогыг залгамжилж, үргэлжлүүлсэн юм алга. Ингээд өмнөх сайдын “автортой” ажил болох “Brain drain to Brain gain” хөтөлбөр дараагийн сайдад ирэхдээ “үнс” болон замхарч одов. Улсын хөгжлийг хөдөлгөх гол хүч нь хүн, залуусын уураг тархи гэдгийг Ерөнхий сайд ярьдаг шигээ ажил хэрэг болгомоор байна шүү.
Л.Ганчимэг