Манай улсын их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудын “гал тогоо”-нд эрх мэдэл, албан тушаалаас үүдэлтэй хэрүүл тэмцэл, дарамт шахалт, ялгаварлан гадуурхалт, хавчлага хайрлага гээд боловсрол, шинжлэх ухааны институтэд баймгүй муу муухай бүхэн нүднээс далд өдөр тутам өрнөж байдаг тухай чих халууцам үнэнийг эрдэмтэн, судлаачид, багш нарын төлөөлөл зах зухаас нь дэлгэж, илчилсээр өнөөдрийг хүрсэн. Харамсалтай нь, нийгмийн сенсац, элдэв хов живэнд дөжирч гүйцсэн олон нийт үүнийг ихэнх тохиолдолд хоёр хүний хоорондын хэрүүл тэмцэл, хоосон хонзогнол, хошигнол наргиан болгон бүдгэрүүлсээр, анхаарлын гадна гээгдүүлсээр ирсэн юм. Эцэстээ энэ нь яван явсаар манай улсын академик боловсролын тогтолцоог ганхуулах, сургалтын үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний үнэ цэнийг алдагдуулах, цаашлаад Монголыг олон улсад муугаар “алдаршуулах” хэмжээнд хүртлээ гаарлаа. Шведийн Готенбургийн их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны тэнхимийн дэргэдэх “V-Dem” судалгааны хүрээлэнгээс жил бүр гаргадаг академик эрх чөлөөний индекс (AFI) үүнийг нотолж байна. Тус байгууллагынхан Монголыг академик эрх чөлөө хамгийн их хумигдаж буй, “анхаарлын тэмдэг”-тэй орны нэг хэмээн дэлхий нийтэд саяхан зарлачихлаа.
Мэлзэх аргагүй үнэн
Хүмүүс тоо баримттай зүйлд илүү итгэл үнэмшилтэй ханддаг. Тэгвэл академик буюу эрдмийн эрх чөлөө Монголд хэрхэн хязгаарлагдаж, хумигдаж буйг тоон үзүүлэлтээр хүргэе. “V-Dem” судалгааны хүрээлэн их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын орчинд хараат бусаар судалгаа хийх, багшлах, мэдлэг, мэдээлэл солилцох, түгээх боломж, шударга, ёс зүйт тогтолцоо бүрдүүлсэн байдал, судалгааны үр дүн ба соёлын асуудлаар багш, эрдэмтэд үзэл бодол, байр сууриа нээлттэй илэрхийлэх нөхцөл хангагдсан, эсэх зэрэг олон үзүүлэлтийг харгалзаж, эдгээрийн дунджаар улс орнуудын академик эрх чөлөөг 0-1 хүртэлх оноогоор индексжүүлдэг. Монгол Улсын индекс 2024 онд 0.70 гарсан нь сүүлийн 12 жилийн түүхэн дэх хамгийн доод үзүүлэлт болов. Сүүлийн жилүүдэд буюу 2020 оноос хойш энэ индекс эрчимтэй “унаж” буйг олон улсын мэргэжилтнүүд анхааруулж байна. Тухайлбал, манай улс 2012 онд хамгийн өндөр буюу 0.86, 2016 онд 0.83 оноо авч байсан бол 2020 онд 0.79 болсноос хойш тувт буурчээ.
Монгол Улс Үндсэн хуулиа баталж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан 1990 оноос 2015 он хүртэлх хугацаанд эрдмийн эрх чөлөөний үзүүлэлт харьцангуй тогтвортой, савлагаа багатай байж. Харин цар тахлаас хойш эрчимтэй буурчээ. Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын орчин дахь шударга, ёс зүйт байдлын үзүүлэлт цар тахлын өмнөх жилд 2.01 байсан нь өдгөө 1.69, мэдлэг, мэдээлэл чөлөөтэй солилцох, түгээх боломжийнх 1.47-гоос 0.86, багш, судлаачид өөрсдийн арга барилаар сургалт, судалгаа хийх нөхцөл 1.27-гоос 0.63 болж буурчээ. Хамгийн их анхаарал татаж байгаа нь бие даасан буюу бодлогын хараат бус байдлын үзүүлэлт. Одоо эл үзүүлэлт дөрвөн жилийн өмнөхөөс 0.78 нэгжээр буурч 0.53 болжээ. 1990-ээд оны үеэс манайхтай ижил гараанд байсан гэж үзэж болохуйц Аргентин, Португал зэрэг улстай харьцуулахад Монгол эрдмийн эрх чөлөөгөөр тэртээ хойно сугарч үлдсэнийг судлаачид онцлов.
“Aкадемик эрх чөлөөний индекс-2024” тайланг нэгд нэгэнгүй шүүж, “шүүрдвэл” Монголтой холбоотой таагүй “тоо” өчнөөн. Тэр бүхнийг дурдах аргагүй тул онцлох үзүүлэлтүүдийг энд эшлэв. Эдгээр нь манай улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын орчин хэр зэрэг “эрүүл”, эрх чөлөөтэй вэ гэдгийг хангалттай илтгэж байна.
Бодит байдлаа тольдохуй
Манай улсад эрдмийн эрх чөлөө жилээс жилд хумигдаж буйн гол шалтгаан юу вэ. Багш, судлаачид үүнийг эрх мэдэл, албан тушаалын нөлөө буюу улс төрөөс хэт хараат байдалтай холбон тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, Монгол дахь эрдмийн байгууллагууд улс төрөөс бүрэн хараат бодлоготой, санхүүжилттэй тул бие даасан, эрүүл, эрх чөлөөт тогтолцоогоор, олон улсын жишгийн дагуу үйл ажиллагаа явуулж чаддаггүй аж. Их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллага болон улс төрийн хооронд хоёр төрлийн “салаа зам” гарчээ. Дарга, сайд болох санаархалтай, улс төрчидтэй ойр дотно хүмүүс их сургууль, судалгааны хүрээлэнгүүдийг улс төр, албан тушаалд хүрэх гүүр, дэвших шат болгож ашиглах, хэн нэгнээр “крандуулж” албан тушаалд томилогдох нь элбэг гэнэ. Яг ийм замналаар “эрдэмтэн-улс төрч”, “академич-гишүүн” болсон хүн цөөнгүй, одоо ч “126”-гийн дунд бий. Харин нөгөө талд нь эрдэмтдээ сонсдог, судлаачдыг дэмждэг мэт дүр эсгэдэг улс төрчид тэднийг хэрэгтэй үедээ (сонгуулиар, худуутай шийдвэр гаргах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхдээ) утсан хүүхэлдэй болгож ашиглахын тулд тал тохой татдаг, хажуу хавиргандаа байлгаж тэтгэдэг жишиг тогтжээ. Булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай гэгчээр дарга, удирдлагууд нь нэгэнт нам, улс төртэй гүн гүнзгий хутгалдаад ирэхээр дотоод бүтэц, үйл ажиллагаа нь ч энэ зүг рүү чиглэнэ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүйн үлгэрээр дарга, даамлууд нь албан тушаал, эрх мэдлийн төлөө хоорондоо “зодолдож”, хэмлэлдээд эхлэхээр тэдний удирдлагад ажилладаг хүмүүсийн дунд ч талцал хуваагдал, хагарал бутрал тасрахгүй. Багш, судлаачдыг нам, улс төрийн үзэл баримтлал, хандлагаар нь гадуурхаж, “миний хүн”, “тэрний хүн” гэх мэтээр ялгаварладаг явдал ч цөөнгүй гэх.
ШУА-ийн байгалийн салбар ухааны хүрээлэнд хоёр жил хэртэй хугацаанд ажилласан нэгэн залуу судлаач “Над шиг өөрийн гэсэн зарчимтай, үзэл бодолдоо үнэнч хүн тэр газарт тэнцэхгүй юм билээ. Говьд ургасан хангай газрын ургамал шиг л сондгойрдог. Ажлаа мэддэг, судалгаа шинжилгээ сайн хийдэг, багт, хамт олонтойгоо нийцтэй байхад л болчихно гэж бодсон. Тийм биш юм билээ. Харин хэл амтай, дээгүүр, доогуур нэлээд сайн гүйдэг, дарга нарт таалагдах зүйл ярьдаг, хийдэг байвал л гайгүй үнэлэгдэнэ” хэмээн ярьсан юм. Манай улс “V-Dem”-ийн индексийн таван гол үзүүлэлтээс хамгийн чухал буюу бие даасан, хараат бус байдлаар хамгийн муу үнэлгээ авсан нь ч нэгийг “хэлж” байна. Энэ нь бусад үзүүлэлт муудахад хүчтэй түлхэц болжээ.
Дайсагналын талбар
Эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль бол шинжлэх ухааны мэдлэгт суурилсан бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тухайн цаг үеийнхээ шаардлагад нийцсэн ур чадвартай боловсон хүчин бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлдэг, нийгэмд асар чухал байр суурьтай байгууллага. Тиймээс дэлхийн улс орнууд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудыг улс төрийн нөлөөллөөс ангид, мөнгөтэй, эрх мэдэлтэй хэн нэгний халаасанд оруулахгүй байлгах бодлого барьдаг. Ингэвэл гол үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрнэ гэж үздэг учраас тэр юм. Удирдлагыг нь улс төрөөс хамааралгүй томилдог, санхүүжилтээ хэн нэгэн даргаас хамааралгүй шийдэх, зарцуулах боломж бүрдүүлдэг. Харин манайд бүх зүйл улс төрөөс хараат байх системийг бат бөх гэгч нь угсарчихсан буй. Үүнээс болоод эрдэм шинжилгээний ажилтнууд судлах сэдвээ чөлөөтэй сонгох, өөрийн арга барилаар, санхүүжилтэд санаа зоволгүй судалгаа хийх ч боломжгүй байдаг. Их, дээд сургуулийн багш нар хичээлийн агуулгаа чөлөөтэй сонгох, боловсруулах, буруу булхай бүхний эсрэг дуугарах, үзэл бодол, байр сууриа зоригтой илэрхийлэх ч эрхгүй суугаа.
Дэлхийд тэргүүлэх судалгааны их сургуульд докторантоор сурч буй нэгэн залуу манай багш, судлаачид цалин, судалгааны санхүүжилт, хурал, зөвлөгөөн, бичиг цаасны ажил зэрэг ахуйн аар саар асуудлуудын цаанаас толгой өндийхгүй суусаар үнэт цагаа, боломжоо алдаж буйг шүүмжилсэн. Тэрбээр “Судлаачид төсвөөс өгч буй багахан мөнгөнөөс болж хоорондоо хайр найргүй алалцаж, түүнийг хуваарилдаг дарга нэртэй хүмүүсийн өмнө бөхөлзөж амьдардаг. Академик эрх чөлөө, ахуйн асуудал хоёр нэг түвшинд зэрэгцэж буй тохиолдолд шинжлэх ухаан ном ёсоороо хөгжихгүй, шударга тогтолцоо үйлчлэхгүй” гэсэн нь нэгийг бодогдуулав. Манай улсын үндэсний тэргүүлэх гэгддэг томоохон сургууль эрдмийн эрх чөлөөг боомилдог, эрдэмтдэд дайсагнасан газар болж хувирсныг нэгэн профессор саяхан “зарласан”. Олон нийт үүнд төдийлөн анхаараагүй, өмнөхийн адил үл ойшоосхийгээд л өнгөрөөсөн. Энэ янзаараа байвал манай улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд шилдэг гэсэн багш, судлаачдаа алдаад дуусах нь.
Дүр эсгэсэн “халамж”
“V-Dem” хүрээлэнгийн сүүлийн тайлангийн үр дүн монголчуудад эчнээ танил болсон, Колумбын их сургуулийн профессор Жулиан Диеркесийг ихэд цочроожээ. Ази, Номхон далай, Зүүн Өмнөд Азийн орнууд, тэр дундаа Монгол Улсыг дагнан судалж, олон өгүүлэл, нийтлэл бичсэн тэрбээр “Монголд академик эрх чөлөө уруудаж байгаа нь аймшигтай, санаа зовоосон үйл явдал” хэмээн халагласан байна билээ. Харин манай улсын эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулийн удирдлагууд, боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого тодорхойлдог хүмүүс аг чиг, ажиг сураггүй. Засгийн газар, парламентын түвшинд “академик эрх чөлөөг дээдэлж, судалгаанаас үйлдвэрлэлд шилжсэн, бие даасан механизм бүхий дээд боловсролын тогтолцоо бүрдүүлнэ”, “их, дээд сургуулийн эрдмийн эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүй дэмжиж ажиллана” гэж лоозогносоор буй ч энэ чиглэлээр дорвитой зүйл ер хийхгүй байна. 2023 онд баталсан Дээд боловсролын тухай хуульд “эрдмийн эрх чөлөөг эрхэмлэх” гэсэн ерөнхий заалт тусгасан ч наанадаж л их, дээд сургуулийн ректорат, эрдмийн болон хамгаалуулах зөвлөлийг эрх мэдэл, албан тушаалаас ангид байлгаж, ажиллуулж чадахгүй өдий хүрэв. Хэрэв монголчууд академик эрх чөлөөний үнэ цэнийг ойлгодог, хүлээн зөвшөөрдөг, хамгаалдаг байсан бол олон улсын байгууллагаас гаргасан энэ чухал индексийг ингэж чимээгүй “дарж” өнгөрүүлэхгүй байлаа. Үзүүлэлт тус бүрээр дүн шинжилгээ хийж, уруудсан шалтгааныг нь бодитоор үнэлж, үүний мөрөөр хариу арга хэмжээ авах байв. Зөвхөн энэ удаагийнх гэлтгүй өмнөх индексүүдийн “ул мөр”-өөр ч өчнөөн зүйл хийж, одоогийнхоос хүнд нөхцөлд оруулахгүй байх боломжтой байсан юм. Харамсалтай нь, манайд үзээд өгье гэсэн ч энэ чиглэлийн судалгаа, үнэлгээ алга. Улс төрчид, бодлого, шийдвэр гаргагчид дүр эсгэж академик эрх чөлөө ярьж байна. Багш, судлаачид аргагүйдэж, амь тэмцээд ирэхээрээ арга буюу энэ талаар ам нээх болж. Юутай эмгэнэлтэй, өрөвдөлтэй тогтолцоо гээч энэ вэ.
Н.МИШЭЭЛ