Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс өнгөрсөн баасан гарагт улаанбурхны өвчлөл болон хоолны хордлогын талаар мэдээлэл өгөв. Өмнөговь аймгийн Цогтцэций болон Гурвантэс сумд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн гурван компанийн ажилчид хоолны хордлогод олноороо өртөж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Тодруулбал, Өмнөговь аймаг дахь уул уурхайн компаниудад өнгөрсөн сарын 17-нд 548, энэ сарын 6-нд 802, 13- нд 970 хүн хоолны хордлогот халдварт өртсөн. Тэдний 78 хувийг асуумж, судалгаанд хамруулсан бөгөөд 15-33 хувьд нь халдварын эмнэл зүйн шинж илэрсэн байна. Энэ талаар тус төвийн Тандалтын албаны дэд захирал Э.Одмаа “Уул уурхайн компаниудад хоолны хордлого дэгдсэн талаарх мэдээллийг ХӨСҮТ-д гуравдугаар сарын 13-наас эхлэн ирүүлсэн. Өмнөговь аймагт хордлого гарснаас хойш манай төвөөс эмнэл зүйн болон тандалт хийж, хариу арга хэмжээ авах мэргэжлийн баг ажиллууллаа. Шинжилгээний хариу эхнээсээ гарч байна. Халдварт өртсөн хүмүүсийн 74 хувийг үүсгэгч илрүүлэх шинжилгээнд хамруулсан. Нийт шинжилгээний 29 тохиолдолд сальмонеллын төрлийн нян илэрсэн. Хордлогод өртсөн ажилчдаас 306 хүн ХӨСҮТ-д ирж хэвтэн эмчлүүлсэн. Ихэвчлэн 20-30 насныхан байв. Гэдэс базлах, халуурах, толгой өвдөх шинж тэмдэг илэрсэн. Хоёр хүний биеийн байдал хүндэрсэн” гэв.
Гал тогоо болон угаалгын өрөө, агуулахыг батлагдсан хуваарийн дагуу тогтмол ариутгах, ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, хоол үйлдвэрлэлд оролцож буй бүх хүнийг гар угаах нөхцөлөөр хангах зэрэг зөвлөмжийг ХӨСҮТ-өөс өгсөн гэнэ. Мөн хоолноос дээж авч стандарт дүрмийн дагуу хадгалах, устгах, тээвэрлэлтийн хяналт, гэрээний нөхцөлийг сайжруулах шаардлагатайг хэлэв. Түүнчлэн энэ сарын 19-нд Хэнтий аймгийн Норовлин сумд 128 хүнийг хамарсан хоолны хордлого бүртгэгджээ. Хордлогод өртсөн 59 хүнд эмнэл зүйн шинж илэрч, найман иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн гэнэ.
Мөн ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма улаанбурхан өвчний талаар мэдээлсэн юм. Тэрбээр, “Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-наас энэ сарын 24 хүртэлх хуагацаанд улаанбурхан өвчний 800 тохиолдол батлагдсан. Тэдний 570 нь эдгэрч, эмнэлгээс гарлаа. Улаанбаатар, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Баянхонгор, Төв, Архангай аймагт халдвар бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлын тав нь гадаадаас зөөвөрлөгджээ. Ойрын хавьтлуудыг 72 цагийн дотор дархлаажуулалтад хамруулж чадвал халдвар цааш тархахаас сэргийлэх боломжтой” гэв.
Ч.Болор