Нэрт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” утга зохиолын дугуйлангийн 10 жилийн ойд зориулсан “Мөр” антологи уншигчдын хүртээл болоход бэлэн боллоо. Шүлэг, бадаг бүрд нь залуу насны эрэлхийлэл, урам зориг, хайр, эрх чөлөө шингэсэн энэхүү антологи бол зөвхөн өнгөрсөн 10 жилийн дурсамж төдийгүй ирээдүй рүү тэмүүлэх олон найрагчдын жим мөр байх болно гэдгийг ном бүтээгчид онцолсон. “Мөр” антологийн нээлт энэ бямба гарагт болох бөгөөд залуу уран бүтээлч Б.Цэлмүүн “Direction within you” уран зургийн үзэсгэлэнгээ дэлгэх бол зураач Д.Азжаргалын “Эрх чөлөө” бүтээлийг эндээс тольдох боломжтой.
Мөн “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Жамбалдорж, С.Начин, МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт Э.Гантулга, Г.Лхагвадорж, хайрын шүлгийн “Цагаан Уул” наадмын тэргүүн шагналт Ч.Ууганбаяр, Г.Хашбаатар, Б.Алтанхуяг, М.Дэвээжаргал тэргүүтэй залуу найрагчид шүлэг, бүтээлийнхээ дээжээс өргөн барих юм.
Л.АРГАМЖИН