Бүс нутагтаа нэр хүндтэй, томоохонд тооцогддог “COTTM2025” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, яармаг БНХАУын Бээжин хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 20 дахь удаагийн үзэсгэлэнд дэлхийн 50 гаруй орны 300 гаад аж ахуйн нэгж оролцож, олон улсын аялал жуулчлалын урсгалыг “удирдан залуурдагч” өмнөд хөршийн иргэдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж буй бол Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гишүүн 10 компани Монголыг сурталчилж байна.
Тодруулбал, Хятадын зах зээлээс жуулчин хүлээж авдаг “Eyeland travel”, “Etu travel” зэрэг компаниас гадна иргэний агаарын тээврийн “Хүннү эйр” оролцож буй юм. Түүнчлэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газрын төлөөлөл Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монголд зочлох жил” санаачилга, “Go Mongolia” брэндийг олон улсын жуулчдад танилцуулж, сурталчилж буй гэнэ.
Ж.ЭНХ