Театрын урлагийн одоо цагийн өнгө төрхийг тодорхойлохуйц амжилттай яваа “Про” театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан З.Булгантай ярилцлаа. Тэрбээр өмнө нь “Шадар гурван цэрэг”-ийн Портос, “Инээмтгий хүн”-ий чоно Хомогийн дүрийг амилуулсан нэгэн. Харин өнөө жил Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн Зилов болж, үзэгчдэд өөрийгөө дахин шинээр нээж, бэлэг барьсан юм.
-Таныг нэрт жүжигчин Ж.Дорлигжав гуайн зээ хүү гэж сонссон юм байна. Театрын урлагт хөл тавьж, жүжигчин болох хүсэл өвөөгөөс тань эхлэлтэй юү?
-Тийм ээ. Алтан үеийн мундаг жүжигчний зээ хүү гэдгээрээ бахархдаг. Өвөө минь намайг бага байхад өнгөрсөн юм. Жаахан хүүхэд учраас өвөөгөө тийм ч сайн санадаггүй. Гэхдээ өвөөгийнхөө “Мөнгөн цагаан хүлэг минь дуулж л явна аа хө” гээд л нисгэгчийн тухай дуу дуулаад, толины өмнө сахлаа авч байсан дүрийг нь санадаг. Дараа нь өвөөг дуурайж сахлаа авах гэж үзээд арьсаа зүсэж байлаа. Нэг иймэрхүү бүдэг бадаг дурсамж бий. Гэр бүлийнхэн намайг өвөөгийн хайртай хүүхэд байсан гэдэг. Миний нэрийг өвөө өгсөн. Баянхонгор аймагт Булган хэмээх уул байдаг юм билээ. Тэгээд л өвөө нутгийнхаа уулыг бодож надад Булган хэмээх нэр хайрласан. Манай үеэл бид хоёр чацуу. Тэр маш хөдөлгөөнтэй, харин би дээшээ хараад л хэвтэж байдаг хүүхэд байлаа. Тэгсэн өвөө минь “За Хангай, чи харж л байгаарай. Миний хүү нэг л өдөр чиний дээр гарна даа” гэсэн юм билээ. Тэгтэл үнэхээр л нэг өдөр би Хангайгийн дээр гараад суучихсан, тэрбээр аахилчихсан хэвтэж байсан гэдэг. Аргагүй шүү дээ, би их лагс, мариатай хүүхэд байсан. Харин Хангай туранхай.
Багадаа үзсэн кино бүрээ л гэрийнхэндээ ярьдаг хүүхэд байсан гэдэг. Өвөөгийн тоглосон кинонуудыг ч ярина. Нэг өглөө эмээ “Энэ хүүхэд ер нь өвөөгөө дуурайгаад урлагийн хүн болж магадгүй. Хүүхдийн ордны драмын дугуйланд явуулаад үзье” гээд намайг Амарзаяа багшид даатгасан. Ингэж л 2001 онд анх Хүүхдийн ордны босгоор алхлаа. “Маугли” жүжгийн олны хэсэгт сармагчны дүрээр анх тайзан дээр гарсан. Анхны том тайз минь Хүүхдийн ордных байв. Тухайн үед ийм олон сармагчин дундаас аав, ээж минь намайг харах болов уу гэж бодож билээ. Хүүхдийн ордныхон жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нд “Өлгийтэй инээд” хэмээх тайлан тоглолтоо толилуулдаг уламжлалтай. 3-4 жил драмын дугуйланд явсны эцэст нэг юм тоглолтод орж, гардаг, текст хэлдэг болсон юм. Яваандаа дүү нараа хариуцдаг боллоо. Багш ч дүү нараа тэгээрэй ингээрэй гээд л хариуцлага нэмэгдсэн. Ингэж л анх урлагт хөл тавьсан юм.
-Өнгөрсөн дурсамж руугаа аялах сайхан. Та ОХУ-ын Санкт-Петрбургийн Театр урлагийн академид хөл тавьсан түүхээсээ хуваалцахгүй юу?
-Ерөнхийдөө санаандгүй үйл явдал болсон. “UBS” телевизэд ажилладаг байсан нэвтрүүлэгч Н.Сувд-Эрдэнэ, манай театрын Б.Билгүүн бид гурав Хүүхдийн ордныг хамтдаа төгссөн юм. Тэгтэл 2010 оны дөрөвдүгээр сарын 1-нд тайлан тоглолтоо олны хүртээл болгочхоод бүр тайвширчихсан сууж байтал Н.Сувд-Эрдэнэ “Хүүе хоёр оо, ОХУ-д суралцах боломжтой нэг шалгалт байна. Гурвуулаа оролцоод үзэх үү” гэв. Тухайн үед Б.Билгүүн бид хоёр хийх юмгүй гиюүрээд л сууж байсан учраас “тэгье” гээд шалгуулахаар боллоо. Үүнээс өмнө юу ч гэсэн эхлээд СУИС-д шалгалт өгнө, тэнцэхгүй бол КУДС-д үзээд алдана гэсэн бодолтой байлаа. Гэтэл энэ сургууль нь аваач уу, үгүй юү гээд л нэлээд бодсон. Ер нь дөрвөн жил сурч, төгсөөд би ирээдүйд хаана, юу хийх билээ ч гэж бодлоо. Өвөөгийнхөө ажиллаж байсан УДЭТ-т оръё гэхээр дөрвөн жилд нэг л удаа хүн авдаг гээд хэнээс ч юм сонсчихсон. Нэлээд эргэлзсэн хүүхэд. Гадаадад сурах тухай төсөөлөл ч байгаагүй. Бүр болохгүй бол Цагдаагийн академид орно гэж хүртэл бодсон. Дотроо нэг иймэрхүү бодолтой яах учраа олоогүй байсан үе. Тэгтэл Сувдаа энэ шалгалтыг өгөөд үзье гэсэн. Бид хоёр ч үзээд алдъя гээд л эхний шатны шалгаруулалтад оролцоод, тэнцсэн. Маргааш нь орос хэлний шалгалт авна гээд тэр өдрөө бид хамтдаа хоносон. Биднээс орос хэлэнд арай илүү дөртэй нь Б.Билгүүн. Багадаа орос сургуульд суралцаж байсан учраас бид хоёрыг бодвол ядаж л ойр зуур ярихтайгаа. Ингэж л тэр шөнө дундаа нэг цаас дэлгээд “Энэ юу гэж байна. Юу гэсэн үг билээ” гээд эхэлсэн юм. Харин хоёрдугаар шатанд ур чадварын шалгалт өглөө. Дуулж, бүжиглэж, этюд үзүүл гэв. Тэгтэл бид Хүүхдийн ордны драмын дугуйланд нэлээд хэдэн жил суралцчихсан бараг л фонограмм тавьчих нь холгүй л дуулж, бүжиглэнэ шүү дээ. Ингээд л гуравдугаар шатанд шалгарахад биднээс эр, эм тус бүр таван хүүхэд авна гээд ОХУ-аас болон тухайн үеийн Соёлын яам, Хүүхэлдэйн театрын төлөөлөл ирэхээр болов. Тухайн үед ОХУ-аас ирэх хүмүүс нэлээд удсан юм. Тэр хооронд бид Оросын шинжлэх ухаан, соёлын төвд хэлний бэлтгэлд суулаа. Үнэн хэрэгтээ хэлний бэлтгэл нэрээр “Гараад хайчих уу, тэнд тийм тоглоомын газар нээгдчихэж” гээд л бүр дундаа орчихсон хүмүүс.
Тэгээд л шалгалтын дүн зарлах үе ирлээ. Нэг их сүртэй, гар гараа хөтөлсөн хэдэн хүн зогсож байгаа юм. Тэгээд л тэнцсэн хүүхдүүдийн нэрийг дуудахад хамгийн түрүүнд Батсүхийн Билгүүн гэж байна. Би найзынхаа өмнөөс баярлаж байгаа юм. Гэхдээ дотроо “Булгаа, Булгаа, Булгаа” л гээд шивнээд байлаа. Тэгсэн Золжаргалын Булган гээд намайг дуудсан. Тэнцчихсэн бөөн баяр, орилолдож байсан чинь анх бид хоёрыг уриалсан Сувдаа маань уйлчихсан зогсож байна. Уг нь бидэнд анх ийм шалгалт болж байгааг хэлсэн хүн. Гэтэл тэнцээгүй. Тэгээд л “Одоо яаж Сувдаагаа тайвшруулж, юу ярих вэ” гээд сандарчихсан.
Энэ шалгалтын гуравдугаар шат хонхны баярын зугаалгын үеэр таарсан юм. Манай ангийнхан “Баян буурал” руу галт тэргээр түрүүлээд явчихсан. Би араас нь шалгалтаа өгчхөөд очно гээд хэлчихсэн байдаг. Хамгийн сайхан зүйл л хонхны баяр шүү дээ. Ёстой л тэгнэ ингэнэ гээд бөөн төсөөлөлд автсан хүн байсан чинь яг шалгалттай давхацчихлаа. Дотроо бол “Шалгалтаа өглөө өгчхөөд, өдөр нь галт тэргэнд суугаад, орой ангийнхан дээрээ очно” гэсэн юм бодоод л шалгалтаа өгсөн. Гэхдээ амжаагүй. Яг л кинон дээр гардаг шиг миний суух ёстой галт тэрэг нүдэн дээр минь хөдлөөд явчихсан. Сэтгэлээр унана биз дээ. Гэхдээ юм гэдэг сонин. Магадгүй тэр өдөр би галт тэргэнд амжсан бол дөрөвдүгээр шатны шалгаруулалтад оролцож чадахгүй байсан юм билээ. Учир нь дараагийн шалгаруулалт маргааш өглөө нь болсон. Тухайн үед би үнэхээр л сэтгэлээр уначихсан байлаа. Тэгтэл шүүгчээр ажиллаж байсан Б.Алтан-Очир багш ариун цэврийн өрөөний гадна надтай таарснаа “За, залуу хичээгээрэй” гэв. Энэ үгийг нь сонсоод “Хөөх, энэ хүн ингэж байгаа юм чинь надад боломж байна” гээд хонхны баярын зугаалгыг тэр чигт нь мартсан даа. Ингэж л 2010 онд Санкт-Петрбургийн Театр урлагийн академид элссэн.
-Санкт-Петрбургийн Театр урлагийн академид суралцаад эх орондоо ирэх мэдрэмж ямар байв. Үүний дараа Улаан-Үдийн театрт нэлээд хэдэн жил ажилласан байх аа?
-Шижигнэсэн 10 залуу сургуулиа төгсөөд 2014 онд Хүүхэлдэйн театрт ажиллахаар ирсэн. Тухайн үедээ “Монголд очоод олон уран бүтээл хийнэ, давхар багшилна” гээд өөрсдийгөө зоригжуулж, маш том төлөвлөгөөтэй байсан. Харин бодит байдалд Хүүхэлдэйн театрт орон тоо байгаагүй. Тиймээс биднийг “Түр хугацаанд дагалдан жүжигчнээр ажилла” гэсэн. Уг нь хийж бүтээх дүүрэн сэтгэл өвөртөлсөн хүмүүс ирчихсэн шүү дээ. Тэгээд л орон тоо байхгүй учраас хагас жил орчим тайз зөөж, жижиг дүрд тоглолоо. Энэ үед Улаан-Үдийн театраас биднийг ирж ажиллаач гэх санал тавив. Ингээд тав нь Улаан-Үд явахаар боллоо. Хамгийн гол нь магистрт найруулагчаар сурах давхар боломжтой байсан юм. Уг нь хоёр жил сурахаар явсан ч долоон жил ажиллачхаад ирсэн дээ. Гурван жилийн өмнө Монголд ирж, өөрсдийн театраа байгуулсан түүхтэй. Тухайн үед биднийг үлдээч гэж байв. Гэхдээ бид “Үгүй ээ, бид эх орондоо уран бүтээл хийнэ” гэсэн. Уг нь ОХУ-д театрын урлагийг сайн дэмждэг. Энэ нь сайхан ч сэтгэлийн мухарт эх орондоо ирж, уран бүтээл хийх хүсэл ундраастай.
-“Про” театрынхан Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийг үзэгчдийн хүртээл болгож байна. Та эл жүжгийн гол буюу Зиловын дүрийг бүтээлээ. Энэ дүрээр дамжуулан үзэгчдэд илэрхийлэхийг хүссэн гол санаа тань юу байв?
-Уг нь Зиловт бүх зүйл бий. Сайхан хань, ажил, найз нөхөд, нууц амраг, бүр залуу охин хүртэл байна. Гэтэл Зилов хэзээд сэтгэл хангалуун бус. Бүтэн дөрвөн жил аав, ээждээ бараагаа харуулаагүй хүн шүү дээ. Гэтэл монголчууд үүний эсрэг. Бид аль болох л гэр бүлийнхэнтэйгээ ойр байхыг хичээдэг. Харин Зилов шиг сэтгэлгээтэй хүмүүс Европт олон байдаг юм шиг санагдсан. Александр Вампилов ч ийм хүн байсан байх гэж бодлоо. Тэрбээр энэ зохиолыг бичихдээ өөрөөсөө, эсвэл ойр тойрныхоо хүмүүсээс санаа авсан байх. Зиловын эхнэр Галинагийн дүрд тоглож байгаа Даваасүрэн дүрдээ ороод л уйлаад ирж байхад тэрбээр өөр залуухан хүүхэн бодчихсон, эхнэрээ яаж аргалахаа бодож байгаа юм. Яг үнэндээ бодит амьдрал дээрх Булган Зилов шиг байж чадахгүй. Дотоод хүн, дүр хоёр хоорондоо зөрчилдсөн гэсэн үг. Өөрт эвгүй хэрнээ заавал хийх шаардлагатай зүйл олон тулгарлаа. Өөртэйгөө нэлээд ажилласан.
Ер нь Зилов сэтгэл зүйн хувьд нэлээд савлагаатай дүр. Гэнэт баярлаад л, эсвэл уурлаж уцаарладаг. Яг энэ дүр зураг одоогийн нийгэмд ажиглагддаг шүү дээ. Миний анзаарснаар манай үеийн залуус хариуцлага өөр дээр нь тулаад ирэхээр шантарчихдаг юм шиг. Тиймээс сэтгэлээр хэт уналаа гээд буруу зүйл бүү хийгээч, үүнээс цааш амьдрал бий. Дахиад шинээр эхэлж болдог, алив босооч нөхөр минь гэж хэлэхийг хүсдэг юм.
-Монголын урлагт өдгөө олон төрлийн театр бий болж, уран бүтээл хийж буй нь сайшаалтай. Өнөөдрийн энэ хөгжлийг олон улс, ялангуяа ОХУ-ын театруудтай харьцуулахад давуу болон сул тал нь юу бол?
-Монголчууд үнэхээр авьяастай. Биднийг ОХУ-д сурч байхад ангийн багш “Та нар монголчуудыг хар даа. Ерөөсөө байгаа нь л энэ. Гэтэл та нар дүр эсгээд байна” гэдэг байв. Эхлээд бид үүнийг ойлгоогүй. Харин одоо бодоход монгол жүжигчид өөрсдийн гэсэн өгөгдөлтэй юм билээ. Гэхдээ бас сул тал олон бий. Хамгийн энгийн нь аливаа тоглолт цагтаа эхэлдэггүй, бас хүмүүс театрт ирчхээд кино үзэж буй мэт чипс, попкорн иднэ. Энэ мэт дутагдалтай тал олон. Тиймээс театр ойлгодог үзэгчдийг багаас нь бэлдэх хэрэгтэй. Бидэнд ч ийм зорилго бий. Хүүхдийн жүжиг хийхдээ аль болох идэх юм оруулахгүй байх, бас тухайн нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон жүжиг үзүүлэхийг эрмэлздэг.
-Танай театрынхан кино урлагт хүч үзэх үү?
-Би өнгөрсөн зун нэг киноны гол дүр бүтээсэн. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч З.Зундарь хэмээх аугаа хүний дүрд ажиллалаа. Кинонд ч, жүжигт ч тэр гол дүр бүтээлээ. Энэ жил олз омогтой л явна.
-Танд тоглохыг хүсдэг дүр байдаг уу?
-Түүхэн кинонд тоглохыг хүсдэг. Баатар биш юм гэхэд ядаж морь унаад олны хэсэгт нь орох хүсэлтэй.
-Сүүлийн үед театрууд монгол жүжгүүдээ олны хүртээл болгохгүй байна гэх шүүмжлэл нэлээд гарах болсон. “Про” театрынхан монгол уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барих уу?
-Мэдээж монгол уран бүтээлээ толилуулна. Сонгодог томоохон зохиол сонгосон хэдэн зоригтой нөхөд үзэж тарж байна. Гэхдээ монгол зохиол сонголоо гэхэд бид үүнийг хэрхэн өөрсийнхөөрөө илэрхийлэх вэ гэдэг нь хамгийн чухал. Бас хувийн театрт мөнгө, санхүүгийн асуудал яригдана. Хэрэв тухайн зохиолч өдгөө байдаг бол зохиолыг нь худалдаж авах шаардлагатай. Зохиолч байхгүй бол хүүхдүүдээс нь зөвшөөрөл авна. Мэдээж тухайн хүмүүсийг, оюуны өмчийг хүндэтгэнэ шүү дээ. Тиймээс одоохондоо классик, эсвэл бүгдэд нээлттэй зохиол сонгож байна.
-Театрын урлагийн одоо цагийн өнгө төрхийг тодорхойлох хэмжээний амжилт гаргахад амар байгаагүй болов уу. Гэвч “Инээмтгий хүн”, “Шадар гурван цэрэг”, “Сүүлчийн бороо” мета драмаас эхлээд хэд хэдэн жүжгийн ард амжилттай гарлаа. Энэ хугацаанд алдаж, онох, шантрах үе цөөнгүй л байсан биз?
-Анх “Инээмтгий хүн” хэмээх дэлхийн сонгодог зохиол сонгочхоод хүн үзэх болов уу гэж их бодсон. Ц.Төмөрхуяг ахаас “Та энэ дүрд тоглооч” гэж хэлэхэд хүртэл айдастай. “Үгүй гээд биднийг тоохгүй бол яана” гэх мэтээр их айсан. Гэтэл Ц.Төмөрхуяг ах “Та нар манай багшийн сургуулийг төгссөн. Ах нь дүү нараа дэмжилгүй яах вэ” гэж маш уриалгахан хүлээн авсан. Тэгээд л юу л болбол болог гээд хийлээ. Амжилттай ч ажилласан. Өөрсдөө том урам авсан юм. Гэхдээ үзэгч цөөн, өм цөм хоосон суудалтай тоглох үе ч бий. Бас мөнгө санхүүгийн асуудал тулгарахад хэцүү шүү дээ. Бид саяхнаас л бэлтгэлийн өрөөнүүдтэй боллоо. Өмнө нь нэг л өрөөтэй тэндээ бүх хэрэглэгдэхүүнээ овоолчихно. Өрөөндөө багтахаа больсон олон хэрэглэгдэхүүн, үзэгчдийн хүртээл болгосон жүжгүүдээ бодож л сэтгэлээ баясгадаг. Хоорондоо “Бас ч гэж нэг үеэ бодоход өөрсдийн гэсэн хэрэглэгдэхүүнтэй, хэд хэдэн жүжгийн ард гарчихлаа шүү” гээд ярьдаг юм.
-Таны болон танай театрын цаашдын төлөвлөгөө юу вэ?
-Бид олны хүртээл болгосон жүжгүүдээ орхилгүй уран бүтээлийн эргэлтэд оруулах зорилготой. Мөн жилд чанартай нэг уран бүтээл шинээр толилуулна. Харин миний хувьд карьертаа илүүтэй анхаарна. Кинонд тоглож хүмүүст танигдаж байж бидний жүжгийг хүн үзэх юм байна. Тиймээс өөрсдийгөө хөгжүүлье, гадаад хэл суръя. Энд тэнд олон улсын фестивальд оролцлоо гэхэд ядаж л өөрийгөө ойлгуулах хэмжээнд англи хэл суръя гэж бодож байгаа. Зөвхөн орос хэлээр л “нүдэж” болохгүй шүү дээ.
-“Про” театрын бусдаас ялгарах онцлогийг та юу гэж хэлэх бол?
-Улсын театруудтай харьцуулахад бид арай эрх чөлөөтэй сонголттой юм болов уу. Өөрсдийн хэлэхийг хүссэн санаагаа шууд илэрхийлчихдэг гэх үү дээ. Сэтгэлээрээ нийлчихсэн хэдэн нөхөд өөрсдийнхөө хийхийг хүссэн зүйлээ хийгээд л явж байна.
У.ЦЭЦЭГСҮРЭН