ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Хууль зүйн доктор, дэд профессор, хурандаа Б.Нямгомботой ярилцлаа.
-ШШГЕГ-аас “Ойлгож сонсъё-Зөвлөж тайлбарлая” аяныг зохион байгуулж эхэллээ. Энэ аянаар чухам ямар ойлголт, зөвлөмжийг өгөхөөр зорьсон бэ. Тухайлбал, шүүхийн шийдвэр хэрэгждэг, эсэх талаар олон нийтийн үнэлэлт, дүгнэлт, эргэлзээ харилцан адилгүй байдаг. Энэ талаар товч хариулт өгнө үү?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэх талаар иргэд, олон нийтэд зөв ойлголт өгөх, үйл ажиллагаагаа хүртээмжтэй, ойлгомжтой байлгах зорилгоор “Ойлгож сонсъё-Зөвлөж тайлбарлая” аяныг улсын хэмжээнд зарлаж эхлээд байна. Энэ аяны хүрээнд төлбөр төлөгч, төлбөр авагч хэн ч байсан ма¬най харьяалах шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст очиж шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, тусламж авах боломжтой. Шүүхийн шийдвэр биелдэг, эсэхийн тухайд, өнөөдрийн байдлаар хорих болон хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээтэй холбоотой шүүхийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоол бүрэн биелдэг. Харин иргэн, захиргааны шүүхийн шийдвэрийн хувьд бодит биелэлт харилцан адилгүй биелдэг гэдгийг хүлээн зөвшөөрнө. Энэ нь цаанаа маш олон шалтгаантай.
-Биелэгдэхгүй байхад хүргэдэг гол хүчин зүйлийн талаар тайлбарлаж болох уу?
-Дэлгэрэнгүй яривал маш их хугацаа орох учраас цөөн хэдэн зүйл дээр тогтож тайлбар өгье. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувьд дагаж мөрдөж буй хууль эрх зүйн хувьд шинэчлэх шаардлага үүсээд байна. Тухайлбал, өнөөдрийн дагаж мөрдөж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд иргэн, захиргаа, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохицуулсан 153 заалт бий.
Үүний 50.3 хувь нь агуулгын хувьд давхардсан, бусад хуульд нийцэх уялдаа холбоог хангаж өгөөгүйгээс хоёрдмол шинжийг агуулж байгаагаас төлбөр төлөгч, түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хуулийн энэ хийдлийг ашиглаж өргөдөл гомдол гаргах нь ихсэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хойшлуулах тохиолдол нэмэгдсэн. Мөн төлбөр авагч, түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүхийн шатанд хөрөнгө хамгаалах арга хэмжээ аваагүйгээс болж, төлбөр төлөгч шүүхийн шийдвэр гарахаас өмнө эд хөрөнгөө өөр хүний нэр дээр шилжүүлэх, зарж борлуулах зэргээр төлбөр төлөх хөрөнгөгүй, орлогогүй, төлбөрийн чадваргүй гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр хэрэгжүүлэхгүй байх арга замыг эрэлхийлдэг. Энэ нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх шалтгаануудын нэг болдог.
-Төлбөр төлөгч этгээд төлбөрөө төлөхгүй байх боломжийг олгосон энэ хууль эрх зүйн орчныг сайжруулахгүйгээр яагаад өдий хүртэл явсан юм бэ?
-Сайжруулах талаар арга хэмжээ аваагүй биш авч байсан. Тухайлбал, ИХШХШТХ-ийн 79 зүйлд 2024 онд өөрчлөлт орсон. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой тэр дундаа үнэлгээ, дуудлага худалдаатай холбоотой гомдлыг тусгайлсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэх зохицуулалт 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн заалт хэрэгжиж эхлэхээс өмнө шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой өргөдөл гомдлыг шүүх ердийн журмаар хүлээн авч шийдвэрлэдэг байсан. Энэ байдлаас болж манай байгууллага дээр 14 жил хүртэл түтгэлзүүлсэн материал хүртэл бий. Тийм учраас иргэд ихээр бухимдаж шийдвэр гүйцэтгэл ажлаа хийхгүй байна гээд шат шатанд гомдол гаргадаг. Гэтэл гол шалтгаан нь хууль эрх зүйн зохицуулалтаас шалтгаалж байгааг ойлгодоггүй. Миний бие Шийдвэр гүйцэтгэх албаны даргаар 2024 оны есдүгээр сард томилогдоод долоон сар ажиллаж байна. Ажил хүлээж авахад Хууль зүй дотоод хэргийн сайдаас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дээр гарч байгаа өргөдөл гомдолд дүн шинжилгээ хийж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг чирэгдэлгүй түргэн шуурхай хүргэх, шүүхийн шийдвэр гарцаагүй биелдэг байх зарчмыг хангаж үр дүнг гаргаж ажиллах талаар үүрэг өгсөн. Энэ хүрээнд ШШГЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулж, удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийснээр иргэн, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг биелүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйлүүдээ тодорхойлсон. Үүнд хамгийн түрүүнд хууль эрх зүйн ор¬ чинг зайлшгүй шинэчлэх хэрэгцээ шаардлага байгааг ХЗДХЯ-нд холбогдох суурь судалгаатай хүргүүлж, одоогоор уг хуулийг шинэчлэн найруулах хуулийн төслийн талаар иргэдээс санал авч эхлээд байна. Энэ хуулийн төсөл батлагдвал юуны өмнө төлбөр авагч иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хангахад чиглэсэн асуудлууд шийдэгдэх юм. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгчийн төлбөр төлөхөөс зайлсхийх боломж нөхцлийг аль болох багасгах, төлбөр төлөгчийн хөрөнгө битүүмжлэх, хураах, үнэлгээ хийх, худалдан борлуулах ажиллагааны үе шат болгонд өргөдөл гаргадаг байдлыг нарийвчлан зохицуулах шаардлага тулгарч буйг шийдвэрлэх, эс тэгвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үе шат болгонд шүүхэд өргөдөл гаргаж, гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэний дараа ажиллагаа явуулахад хүрдэг гэхч¬ лэн төвөгтэй асуудал олон бий.
-Хуульд өөрчлөлт оруулахаас бусад арга замаар юу хийж, хэрхэн шийдвэрлэж болох вэ. Тухайлбал, танай байгууллагын зүгээс энэ талаар ямар ажил хийж байна?
-Дээрх хууль эрх зүйн орчноос гадна удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр бид олон ажил хийж байна. Тухайлбал, Шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй эсэх тодорхойлолтыг иргэн 2000, хуулийн этгээд 10 000 төгрөг төлж авдаг байсныг Хууль зүй дотоод хэргийн сайдын 2024 оны аравдугаар сарын 21-ний өдрийн тушаалаар журамд өөрч¬ лөлт оруулж Е-mongolia, ТҮЦ машинаас үнэ төлбөргүй авах боломжийг хангасан. Мөн ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын журмыг 2024 оны арванхоёрдугаар сард шинэчлэн батлуулж зохицуулагдахгүй байсан олон асуудлыг шийдвэрлүүлсэн. Жишээ нь, улсын хилээр орж гарч байгаа өр төлбөртэй этгээдийн хилийн хоригийг манай байгууллагаас Хил хамгаалах ерөнхий газарт албан бичиг явуулж шийдүүлдэг байсныг 2025 оны хоёрдугаар сард дагаж мөрдөж байсан журамд өөрчлөлт оруулснаар манай байгууллага цахимаар нээж, хаадаг болсон. Үндэсний статистикийн хороогоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэгдсэн мэдээ гаргадаг аргачлал, маягтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр шинэчлэн батлуулснаар алба, нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах болсон.
-Тэгвэл ард иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байгаа вэ?
-Манай албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хамгийн их өргөдөл гаргадаг гурван зүйлийг онилж, үүнийг шийдвэрлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээг зохион байгуулж байна. Нэгдүгээрт, Шүүхийн шийдвэр маш удаан биелэгдэж байна. Шийдвэр гүйцэтгэгч ажлаа хийхгүй байна гэх гомдол нийт гомдлын 25 орчим хувийг эзэлдэг. Энэ асуудлын гол шалтгаан нь шийдвэр гүйцэтгэгчийн ажлын ачаалалтай холбоотой юм. Нэг шийдвэр гүйцэтгэгч 120-180 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах нормативтай. Гэтэл өнөөдрийн байдлаар 350-480 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шүүхээс өдөрт дунджаар улсын хэмжээнд 120-230 гүйцэтгэх баримт бичиг шинээр нэмэгдэж ирдэг. Манайх өдөрт дунджаар 80-100 гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож хаадаг. Энэ асуудлыг Хууль зүй дотоод хэргийн сайдад уламжлан танилцуулснаар 2025 онд 60 гүйцэтгэгчийн орон тоог шинээр нэмүүлж ажиллах тойргийг нь тогтоолгоод байна. Энэ бол дөнгөж “гал унтраах” төдий л арга хэмжээ. Гэхдээ бидний хувьд ажил хийхэд том урам зориг өгсөн алхам болсон. Мөн шийдвэр гүйцэтгэгч нарыг чадваржуулах асуудал тулгамдсан нь гомдлуудын тодорхой хувийг эзэлдэг. Шийдвэр гүйцэтгэгч нарын чадвар, чадамж, харилцаа, хандлага өөр өөр байдаг асуудлыг шийдвэрлэх зорилгоор манай албанаас долоо хоног тутамд бүсчилсэн цахим сургалтыг шийдвэр гүйцэтгэгч нарт, улирал тутамд шалган зааварчлах ажлыг чиглэл хариуцсан ахлах мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, энэ ажлаа 2025 оноос тогтмолжуулаад байна. Хоёрдугаарт, “Төлбөрийн мөнгийг шилжүү¬ лэхгүй байна” гэдэг гомдол нийт гомдлын 20 орчим хувийг эзэлдэг. Энэ асуудал юутай холбоотойг тайлбарлая. Шийдвэр гүйцэтгэгч ажиллагаанд явж ирээд төлбөр төлөгчийн төлсөн мөнгийг цахимд орж шүүж тулгалт хийж, нягталсны дараа шилжүүлэг хийдэг. Үүнийг хийхдээ нийт 10 гаруй шат дамжлага, хяналтыг давж байж шилжүүлэг банканд очиж, улмаар хүлээн авагчид очдог. Энэ нь маш их ачаалал үүсгэж байна гэж үзээд, уг асуудлыг Хууль зүйн дотоод хэргийн сайдад танилцуулсан. Үр дүнд нь одоогоор ашиглаж буй бүртгэл хяналтын системд өргөтгөтөл хийж, гүйлгээг цахим хэлбэрт шилжүүлж, банкуудтай холбох хөрөнгөний асуудлыг шийдвэрлүүлсэн. Ингээд 2024 онд тендер зарлаж шалгарсан компаниар банктай цахимаар гүйлгээ хийх боломжийг хангаж өгснөөр 2025 оны дөрөвдүгээр сард төлбөрийн мөнгийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Одоогийн байдлаар энэ талаарх гомдол 90 хувиар буурсан гэж болно. Гуравдугаарт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүй түдгэлзүүлсэн гэх гомдол нийт өргөдөл, гомдлын 10 гаруй хувийг эзэлдэг. Манай албанаас төлбөр авагчийн хууль ёсны эрх ашгийг хангахад анхаарч, улсын хэмжээнд 1.5 их наяд төгрөгийн 13700 гаруй гүйцэтгэх баримт бичгийг ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн байсан. Үүнд дүгнэлт хийж түдгэлзүүлсэн үндэслэл арилсан бол шүүхийн шийдвэрийг шуурхай биелүүлэх зорилгоор “Хяная, шалгая, шийдвэрлэе” нэртэй гурван сарын аяныг энэ оны гуравдугаар сарын 01нээс өрнүүлж эхэллээ. Үр дүнд нь 625 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 5500 гаруй түдгэлзүүлсэн гүйцэтгэх баримт бичгийг сэргээж 48.1 тэрбум төгрөгийн дүнтэй 669 гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгосон. Цаашид үүнээс ч илүү үр дүн гарна гэдэгт итгэлтэй ажиллаж байна.
С.Тодгэрэл