УИХ-ын ээлжит хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 1998 онд батлагдсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой үндсэн агуулгыг зохицуулсан суурь хууль боловч зохицуулалт нь хэт ерөнхий, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад хангалтгүй гэж хууль санаачлагч танилцуулсан.
Эл хуультай холбоотойгоор 24 гишүүн болон ажлын хэсгийн хэн асуулт асууж хариулт авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө өөрийгөө удирдах, мэргэжлийн удирдлагын байгууллагатай болох уу гэх асуултад ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “Хуулийн төслийг сэтгүүлчдийн дунд дөрөв, олон улсын байгууллагынхнаар хоёр удаа хэлэлцүүлсэн. Байгууллагын институцийн шинжтэй асуудлыг бага хөндөхийг хичээсэн. Эрх зүйн зохицуулалтын үндсийг тавья. Өөрийн зохицуулалтын байгууллагатай байж болно гэдэг ерөнхий заалт оруулсан. Төрийн байгууллагын нэр хүндийг хамгаална гэх зорилгоор гомдол гаргахгүй гэдэг хатуу зохицуулалтыг төсөлдөө оруулсан байсан. Хэлэлцүүлгийн явцад багагүй шүүмжлэлтэй тулгараад хуучин байснаар нь үлдээсэн” гэв.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ажлын хэсгээс хэвлэл мэдээллийн байгууллагынхан хуулийн ямар заалтад сэтгэл дундуур байгааг тодруулсан юм. Үүнд Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хуулийн тавдугаар зүйл буюу хэвлэл мэдээллийн ёс зүйн зохицуулалтыг хуульчилсан байгааг хамгийн ихээр эсэргүүцсэн. Ёс зүйн хүрээнд зохицуулах асуудал учир хуулиас татаж аваасай гэж хүсэж байна” гэв. Түүнчлэн УИХ ын гишүүн А.Ариунзаяа “Сэтгүүлч гэдэг хувь хүнийхээ пэйж, аккаунтаар бичиж байгаа мэдээ, мэдээлэл нь хэвлэл мэдээллийн байгууллагад орох юм уу, хариуцлага хүлээх үү. Арай л дутуу боловсруулсан байна” гэв.
Хариуд нь УИХ-ын гишүүн О.Алтангэрэл “Төрөөс хэвлэл мэдээллийн байгууллагад цензур тавихгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр медиа ажил явуулдаг, нэвтрүүлэг, рийл хийдэг багтай, бүтэн редакц ажиллуулж байгаа байдлыг таслан зогсоох юм. Хэвлэл мэдээллийн байгууллага нь редакцтай, хуулийн этгээд, сэтгүүл зүйн ажиллагаа эрхэлдэг байх ёстой. Тэрнээс иргэний өдөр тутмын үйл ажиллагаа явуулдаг цахим хуудсыг тооцохгүй” гэв. Хуулийн хэлэлцүүлгийн санал хураалт өнөөдөр болох юм.
Ч.ЦЭЛМЭГ