Манай улсад байт харвааны компаундын төрөл үүсэж, хөгжсөний 15 жилийн ойд зориулан цувралын анхдугаар тэмцээн зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн спорт зааланд боллоо. Дээрх тэмцээнд 13 байгууллагын 84 тамирчин компаунд эрэгтэй, эмэгтэй, рекурв эрэгтэй, эмэгтэй, 16 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй гэсэн зургаан төрөлд өрсөлдөв.
Тэмцээний гурван төрлийн байнд авсан оноогоор нь байр эзлүүлж, төрөл тус бүрээс эхний таван байрыг шалгаруулан медаль гардуулсан. Компаундын эрэгтэйчүүдийн төрөлд Г.Ганзориг (“Хангарьд”), эмэгтэйчүүдийнхэд Б.Мөнгөнчимэг (“Алдар” спорт хороо) аваргаар тодорчээ. Рекурвын эрэгтэйчүүдийн төрөлд Азийн наадмын аварга Б.Отгонболд, эмэгтэйтэйчүүдээс ОУХМ Н.Ариунбилэг (“Алдар”) алтан медалийн эзэн болсон юм.
Энэ удаа 16 хүртэлх насны хөвгүүдээс Б.Наранзуун, охидоос Б.Номин (“Цацралт” клуб) нар тэргүүлсэн. Зургаан ангилалд тус бүр нэг тамирчинтай долоон багийг сугалаагаар бүрдүүлэн багийн харвааг зохион байгуулахад Б.Батбаатар ахлагчтай “Number one” багийнхан шигшээ харваанд Ш.Даваахүү ахлагчийн удирдлагад оролцсон “Алтан сум”-ын харваачдыг хожиж түрүүллээ.
Рекурв төрөлд 900 онооноос 780 болон үүнээс дээш оносон харваачид гурван сум харваж, хамгийн бага оноотой нь хасагдах зарчмаар өрсөлдөв. Компаундын төрөлд 19 харваач цэц булаалдсанаас Ш.Даваахүү (“Хангарьд”), рекурвын хэд 11 харваач өрсөлдөж, Н.Ариунбилэг (“Алдар”) эхний байрт шалгарчээ.