Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн нэг Э.Бат-Үүл, Д.Сосорбарам тэргүүтэй хэсэг хүн АН-ыг Үндсэн хууль зөрчиж бүрдсэн хуйвалдааны Засгийн газраас гарах шаардлага хүргүүлэх жагсаалыг өчигдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний урд зохион байгуулав. Ардчилсан хөдөлгөөний жагсаалыг дурсах нь тэдний нэг зорилго хэмээгээд “Урвагчдын Засгийн газар огцор” гэх уриа лоозон барьжээ. Жагсаалын өмнөх өдөр нь Э.Бат-Үүл өөрийн цахим хуудсандаа “100 хүн зүрх, зоригоо нийлүүлэхэд за саг донсолдог. 1000 хүн зүрх, зоригоо нийлүүлэхэд төр пижигнэдэг. 5000 хүн зүрхээ нийлүүлэхэд л хувьсгал болдог юм. Яагаад гэвэл цаана нь зүрх, зоригоо нэгтгэхэд бэлэн бухимдсан ард түмэн байдаг. Интернэтийн ард байгаа “өнчин” зүрхнүүдээ нийлүүлцгээ. Маргааш 11.00 цагт талбай дээр шүү” хэмээн бичсэн байв. Тэрбээр хэлсэн ёсоороо жагсаалд ирсэн бөгөөд энэ үеэр Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу хүмүүс гурил цацсан гэнэ. Гурван жилийн өмнө түүний зохион байгуулсан жагсаалын үеэр “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин нар мөн л гурил цацаж байсан юм.
Ч.Цэлмэг