Улсын хэмжээнд он гарснаас хойш Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг болон 12 аймгийн 45 сумд ой, хээрийн түймэр 66 удаа бүртгэгдсэн байна. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 33.3 хувиар өссөн дүн гэдгийг ОБЕГаас мэдээлэв. Гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 2761, хээрийн 691 438 га талбай, нэг байшин, 41 гэр, хоёр автомашин, зургаан мотоцикл, малын 75 хашаа, 25 өвөлжөө, 6323 мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл шатаж, нийт 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Түймрийн шалтгааныг урьдчилсан байдлаар үзэхэд тав нь сумдын төвлөрсөн хогийн цэгээс, ес нь үнс нурам, автомашин, шашны зан үйл хийснээс гарсан бол нэг нь гэрийн яндангийн цоонол, тав нь бууц шатсанаас дэгджээ. Харин 44-ийнх нь шалтгааныг одоогоор тогтоогоогүй бөгөөд хууль хяналтын байгууллагынхан шалгаж буй аж.
Ч.Болор