Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодот¬голтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
УИХ-ын сонгуулийн III тойрог буюу үндэсний цөөнхийн төлөөлөл болсон Баян-Өлгий аймгийн иргэд МАН-аас хоёр, АН-аас нэг хүнд итгэл хүлээлгэн хууль тогтоолгохоор илгээсэн. 21 454 хүний саналыг авч хоёр дахь удаагаа төр тү¬шилцэж буй АН-ын гишүүн Б.Бейсен хэдийгээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга ч гэлээ цагаан нөмрөгт эмч нарын төлөөлөл. 1982-1988 онд тухайн үеийн Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч, мэс засалч мэргэжлээр төгссөн нэгэн. Сургуулиа төгсөөд аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээс хөдөлмөрийн гараагаа эхэлж, тас - ралтгүй ажиллах хугацаандаа тасгийн эрхлэгч, эмнэлгийн болон Эрүүл мэндийн газрын дарга болж дэвшсэн. Мөн тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн албыг тавантаа хашсан анагаах ухааны магистр, клиникийн профессор хүн. “Бэйсшипа” эмнэлгээ байгуулсан цагаасаа Нэгдсэн эмнэлгийнхээ мэс заслын тасагт зөвлөх эмчээр ажиллах болсон гэдэг. Нутгийнхаа иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 2019 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Хүний гавьяат эмч цол шагнасан юм.
2020 онд тэрбээр Баян-Өлгийн иргэдийг төлөөлөн УИХ-ын гишүүнээр сонгогдохтой зэрэгцээд булхайтай үйлдэл өдүүлсэн баримтыг нь хэн нэгэн АТГ-т хүргүүлснээр мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн билээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дарга болон гишүүд, тус аймгийн эрүүл мэндийн байгууллагын нэр бүхий эмч нар нь иргэдтэй бүлэглэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох, сунгахдаа хүмүүсээс 500 мянгаас хоёр сая төгрөгийн ха¬хууль авсан, гэрчүүдийг худал мэдүүлэг өгөхийг ятгасан, мөнгө угаасан үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нотлох баримтаар тогтоон шүүхэд шилжүүлж байв.
Нийт 251 хавтас бүхий хэрэгт холбогдуулж 49 хүнд 2021 оны арванхоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд УИХын гишүүн Б.Бейсен болон түүнд хахууль өгсөн өөр нэг ял¬лагдагчийн үйлдлийг тусгаарлан авч үлдсэн юм. Түүнээс хойш зургаан сарын дараа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүд-нээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд болон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хясан боогдуулах замаар иргэ¬нээс хахууль авсан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэнд давуу байдал бий болгосон хэмээн Б.Бейсенг буруутган яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-ын хяналтад шилжүүлсэн байдаг.
Харин тэрбээр өөрөө гүтгэлэг, би ямар ч холбогдолгүй, буруугүй хэмээн ярилцлага өгсөн удаатай. Гэвч энэ булхайтай үйлдлээ дэнслүүлж, үнэхээр гэм буруугүй бол нэрээ цагаатгуулалгүй нэлээд олон жилийг үдэж, 2024 онд дахин УИХ-ын гишүүнээр сонгогдоод зогсохгүй, Засгийн газарт АН хамтарсны шагналыг элэн байнгын хорооны даргын суудалд тухалж буй билээ. Өөрөөр хэлбэл, УИХын гишүүний халдашгүй байдал гэдэг халхавч дор орсон учраас булхайт үйлдлийг нь дэнслэх боломж хууль, шүүхийн байгууллагад гарахгүй байгаа юм.